О.Болормаа:Эх бичиг соёлын асуудал ганц монгол бичгийн багш нараас шалтгаалах зүйл биш
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 жилийн сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Очирбатын Болормаатай эх бичиг соёл, шавь нарын амжилт, ажил үйлсийнх нь талаар ярилцлаа.
-Таны шавь нар аймаг, улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцдогийг мэднэ. Сүүлийн 3 жил “Монголын сайхан бичигтэн” уралдааныг таны шавь нар өнгөлж харагдлаа. Шавь нарынхаа амжилтаас дурдвал?
-Монгол өв соёлоо өвлүүлэх хариуцлагатай ажил бол монгол бичгийн багш нарт оногдсон чухал алба гэж би боддог. Хүмүүн бичиг сониноос зохион явуулдаг энэ уралдаанд 2011 оноос хойш тасралтгүй оролцож байна. Ихэвчлэн шавь нараа бэлдэж оролцуулдаг. 2011 онд Б.Цэрэннадмид, 2012 онд Ш.Цэдэнсодном 12 дугаар ангийн ангилалд тус тус тэргүүн байр эзэлж, МУБИС-д суралцах урилга авч байсан. Мөн 2014 онд Е.Анужин, 2015 онд Х.Түвшинтүлхүүр тус тус 10 дугаар ангийн ангилалд тэргүүн байрт шалгарч байлаа. Харин 2015 онд даасан анги болох 10б анги нь Анги хамт олны ангилалд нэгдүгээр байрт орж, “Сайхан бичигтэн хамт олон” өргөмжлөлийг хүртэж байсан. 2016 онд Е.Анужин 12-р ангийн ангилалд Шилдэг оролцогч, Тэргүүн байр МУИС-д суралцах урилгын эзэн болсон. Мөн 2016 онд 11б ангийн Сурагч Д. Содномдаш 11-р ангийн ангилалд 3-р байр эзэлсэн амжилт үзүүлээд байна.
“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанаас гадна жил бүр Хүүхдийн номын ордон Улсын номын сангаас зохион явуулдаг “Монгол бичгийн тэргүүний уншигч” уралдаанд манай шавь нар амжилттай оролцдог. Тухайлбал, Д.Содномдаш 2014-2015 онд амжилттай оролцож Шилдгийн шилдэг уншигч сурагчаар шалгарч, өнгөрсөн жил тэргүүн байранд шалгарсан. Аймгийн “Шударга уншигч“ уралдаанд сурагч Б.Нүрзэдмаа, Э.Хандармаа нар амжилттай оролцож түрүүлж байсан. Мөн өнгөрсөн жил Х.Түвшинтүлхүүр, Е.Анужин нар “Өв соёл мину” бүтээлийн үзэсгэлэнг сумдаа гаргасан.
-Энэ салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Анх мэргэжлээ хэрхэн сонгож байв?
-Боловсролын салбарт 19 дэх жилдээ ажиллаж байна. Аав маань багш хүн, аавынхаа мэргэжлийг өвлөх хүндтэй үүрэг гэр бүлийн гишүүд дотроос надад оногдсон юм.
-Таны сургах арга барилын онцлог нь юу бол?
-Монгол бичгийн хичээлээр сурагчдыг сайхан бичүүлж сургах, хурдан уншуулж сургах аргыг уламжлалт сургалтын аргуудтай хослуулан хичээлээ заадаг.
-Таны шавь нараас монгол хэл, бичгээрээ дагнан суралцаж, мэргэжил эзэмшсэн нь хэчнээн тооных байгаа бол?
-Монгол хэл бичгээрээ дагнан суралцаж байгаа шавь 15 орчим байгаа болов уу. Заримаас нь дурьдвал шавь С.Гандэлгэр МУБИС-д багшаар ажиллаж байна. Тус сургуульд хамтран ажиллаж байгаа 2 багш байна, түүнээс гадна хот хөдөөгийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаа олон шавь нар бий.
-Танай сумын түвшинд эх бичиг соёлоо дээдлэх, дэлгэрүүлэх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-2012-2016 онуудад Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг сумдаа хэрэгжүүлэх ажлыг ахлан ажиллаж, олон дорвитой ажлуудыг эхлүүлсэн. Сумын удирдлага сургуулийн удирдлагууд хамтран дэмжин ажилладаг. ЗДТГ-тай хамтран монгол хэл бичгийн баг “Хос бичигтэн” аймгийн дэд хөтөлбөртөй уялдуулан сумын дэд хөтөлбөрийг сумын иргэдийн хурлаар хэлэлцүүлж, орон нутгийн хөгжлийн сангаас нэг сая төгрөгийн төсөв батлуулж, сумын дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн энэ ажлын хүрээнд монгол бичгийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор аймгийн жишиг монгол бичгийн кабинетийг байгуулах шинэлэг ажлыг санаачлан монгол бичгийн кабинетийн шаардлагад нийцүүлэн тохижуулсан. Мөн төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор түвшний судалгаа авч анхан ба дунд шатны сургалтыг зохион 2 удаа, мөн иргэдийн дунд 2 удаа тус тус зохион байгууллаа. “Бидний монгол бичиг” аяны хүрээнд явуулсан ажлаараа аймагтаа Тэргүүн байрт орж байсан.
-Ерөнхий боловсролын сургуульд үзэж буй Монгол бичгийн хөтөлбөр хангалттай төвшинд хүрч чадаж байгаа гэж хардаг уу?
-Тийм ч хангалттай биш. Гэхдээ энэ хичээлийн жилээс 6-9 дүгээр ангийн хүрээнд 2 цагаар орж байгаа боловч ахлах ангидаа үндэсний бичгийн цаг байхгүй байгаа учир нь ЭЕШ-д монгол бичгийн даалгавар 4\1 оруулсан мөртлөө сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Үүнийг учир дутагдалтай байна хэмээн харж байгаа.
-Аймгийн хэмжээнд “Хос бичигтэн” дэд хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ гэж байна. Шат шатандаа хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна гэж хардаг вэ?
- Эх бичиг соёлын асуудал дан ганц монгол бичгийн багш нараас шалтгаалах зүйл биш гэдгийг хаана хаана ойлгон ажиллах хэрэгтэй. “Хос бичигтэн” хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн ажлууд тоймтой хийгддэг гэж боддог.
-Танай сумын тухайд “Хүмүүн бичиг” сонины захиалгын тоогоор аймгийн хэмжээнд эхний гуравт ордог. Хүүхдүүдийн монгол бичигт хэрхэн “амтшуулах” ёстой вэ?
-Монгол өв соёлоо дэлгэрүүлэх өвлүүлэх ганц сонин бол “Хүмүүн бичиг” сонин. Сонины захиалгаа сургууль, сумын хэмжээнд захиалан уншуулах ажлыг иргэд маань их ойлгодог болж байгаа. Монгол бичгээрээ уншдаг, зөв сайхан бичдэг байх нь монгол хүүхдүүдийн хамгийн том бахархал байх ёстойг ойлгуулах нь их чухал юм. Тиймд өв соёл үүх түүхээ мэддэг зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх хөгжүүлэх нь багш бид нарын томоохон үүрэг юм даа.
-Цаашид эх бичгийнхээ хэрэглээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Цөөн хэдэн хүүхдийг биш хамт олноор нь сурагчдыг бэлтгэн сургахад их анхаарах хэрэгтэй. Тиймээс олныг хамарсан улс аймаг бүсийн чанартай монгол бичгийн уралдаан тэмцээнийг их зохион байгуулж байвал сурагчдын оролцоо их болж, эх бичиг соёлоо сурах хүсэл эрмэлзлэл нэмэгдэнэ гэж боддог.
Б.Мөнхзул