Америкчууд  “Obamacare” хөтөлбөрийг аврахыг уриалан жагсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-16 12:47:47

ВАШИНГТОН./AP/. Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн хөтөлбөрийг хэвээр үлдээхийг уриалан америкчууд улс орон даяар жагсаал хийлээ.

Ардчилсан намын гишүүд болон иргэний нийгмийн байгууллагын гишүүд өнгөрсөн амралтын өдөр 40 гаруй хотод жагсаал хийж, “Obamacare” хөтөлбөрийг аврахыг уриалжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “энэ хөтөлбөр нь даатгалын зардлыг нэмэгдүүлж байна” хэмээн шүүмжилж, тангараг өргөснийхөө дараа хөтөлбөрийг нэн даруй хүчингүй болгоно гэж мэдэгдсэн юм.

Уг хөтөлбөрийг хүчингүй болгох тухай тогтоолуудыг Бүгд Найрамдах намынхан олонхын суудалтай Сенат болон Төлөөлөгчдийн танхимын аль аль нь батлаад байгаа билээ.

Вашингтон хотод л гэхэд ням гарагт 1000 гаруй хүн жагсаал хийсэн байна. “Obamacare” хүмүүсийн амийг аварч, ажлын байр бий болгодог гэж жагсагчид үзэж байгаа ажээ.

Нэгэн эмэгтэй “эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг бол үхэл-амьдралын асуудал. Хүмүүст хэрэгтэй зүйлийг нь өгөхийг Д.Трампаас хүсч байна” гэв.

“Obamacare” хөтөлбөрийг хүчингүй болгосноор 20 сая хүн даатгалаас мөнгө авч чадахгүй гэж  зарим шинжээчид үзэж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ