Д.Эрдэнэбат: Монголчууд хэрэглээний эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-16 12:57:51

“Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулган Шангрилла зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Монгол Улс анх удаа аж үйлдвэрийн олон улсын чуулганыг зохион байгуулж байгаа  бөгөөд гадаад, дотоодын 500 гаруй төлөөлөгч оролцож байна. Тус чуулганаар салбарын нийтлэг ойлголцлыг бий болгон, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөгжлийн гарцыг тодорхойлоход чиглэж буй юм. Аж үйлдвэрийн яамнаас “Монголд үйлдвэрлэв” чуулганыг 2 жил тутамд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат чуулганыг нээж хэлэхдээ, “Өнөөдөр Монголчууд бид хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэгч бүтээгч эдийн засаг руу шилжиж байна. Тиймээс Монгол Улс экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн  өсөлт, хөгжлийн стратегийг сонгоод байна. Засгийн газраас Аж үйлдвэрийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн бодлого, үйлдвэрлэл технологийн парк, чөлөөт бүс, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, экспорт, импортын асуудлуудыг нэгтгэн зохион байгуулсан нь маш чухал шийдвэр болсон. Энэ нь олон салбарт хуваагдаж байсан үйлдвэрлэлийн асуудлыг нэгтгэн, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтад оруулан, салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байсан хүчин зүйлсийг засах боломж олголоо. Засгийн газраас “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг саяхан баталсан. Бид эхний таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, Хүнд үйлдвэрийн салбарт, Говийн бүсэд жилд 2 сая.тонн хүртэл газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр, Зүүн бүсэд жилд 300 мянган.тонн хүртэл газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах урьдчилсан ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийнэ. “Дархан-Сэлэнгийн бүс нутагт хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт барьж байгуулах” төслийн ТЭЗҮ боловсруулах ажил, "Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр" барих төслийн ТЭЗҮ болон Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ боловсруулах ажил, Хөнгөн үйлдвэрийн Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг 100 тэрбум төгрөгөөр, ноосны салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөхөд зориулсан эх үүсвэрийг 45 сая ам.долларыг нэмэгдүүлсэн. Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох” нийт 140.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид хөнгөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгож байна. Мөн экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлүүдийг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа” хэмээн онцоллоо.

Мөн үеэр уул уурхайн хараат байдлаас ангижирч боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн уналтыг дахин давтахгүй байх урьдчилсан нөхцлийг хангахын тулд аж үйлдвэржилт, дэд бүтэц, эрчим хүчний баттай суурийг төрийн нэгдсэн бодлогоор тавих нь зүйтэй гэдгийг илтгэгчид онцолж байв.

Хуралдаан үргэлжилж байна.

Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ