Машин явах боломжгүй газруудад цас түрж зам гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-12 09:22:05
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг малчдын өвөлжилтийн байдалтай танилцлаа.

Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал ахалж, бүрэлдэхүүнд нь ХХААГ, хоёр сумын МЭҮТ, Цэргийн штаб БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд багтсан юм.  Тэд энэ сарын 5-аас  11 чиглэлд 900 гаруй өрхийн өвөлжилтийн байдалтай танилцжээ.

Ажлын хэсгийн дарга С.Батжаргал хэлэхдээ “Биднийг өвөлжилтийн байдалтай танилцахад хоёроос, гурван газарт машин явах ямар ч боломжгүй, айлууд цасанд боогдсон байсан. Тиймээс ОБГ-аас тухайн хэсгүүдэд зам, гарц гаргахаар болсон. Энэ асуудлыг Жаргалант сумын Засаг даргадтай хамтарч шийднэ” гэлээ.

Харин Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий хэлэхдээ, “Урьдчилсан байдлаар малчид өвс, тэжээлийнхээ 50 орчим хувийг хэрэглэчихсэн байна. Хэрэв ирэх саруудад өвөлжилт хүндэрвэл тэдний бэлтгэсэн өвс, тэжээл хүрэлцэхгүй байх”  гэлээ. Тиймээс аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг малчдад олгох ажлыг ирэх сарын нэгнээс зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Б.Оюун-Эрдэнэ  

Холбоотой мэдээ