Хулгайчдыг “гааруулсан” хуулийн заалтууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙСүүлийн жилүүдэд хумс, хуруу “урттай” хүмүүс нийгмийг бухимдалд оруулах нь элбэгшиж байна. Нийгэмд хор хохиролтой, гэм буруутай, Эрүүгийн хуульд хариуцлага хүлээлгэхээр заасан үйлдлүүдийн нэг нь бусдын эд зүйлийг хулгайлах явдал боловч “урт гартнуудын” тоо нэмэгдсээр байгаагийн учир шалтгаан юу вэ?
Эрүүгийн хуулийн 2015 оны шинэчилсэн найруулгаар “Амьдралын аргагүй нөхцөл байдлын улмаас бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан нь мөн л хулгайчдыг “гааруулах” нэг шалтгаан болж мэдэх юм. Буруутай бодлогынхоо уршгаар улс орныг эдийн засгийн уналтанд оруулж, айл өрх бүрт хямрал авчирсан төр засгийнханд хулгайчдаа тэгж өмгөөлөхөөс өөр арга байгаагүй бололтой. Хулгайн хэрэгт холбогдсон этгээдүүд бүгд хийсэн үйлдлээ “Амь зуухын тулд...” гэж тайлбарладаг бол бодит дүнг авч үзье. 2016 оны байдлаар Өвөрхангай аймагт 204 удаагийн хулгайн үйлдэл Цагдаагийн газарт бүртгэгдэж, үүнд 218 иргэн холбогдсон байгаагаас ердөө 10 нь амьжиргааны түвшин доогуур гэх шалтгаантай байж, харин 162 нь ашиг олох шунахайн сэдэлтэй байлаа. Тэрчлэн 11 этгээд иргэдийн сонор сэрэмжгүй байдлыг, 5 этгээд мал хариулгагүй байгааг далимдуулан хулгайлснаа хүлээж, 16 этгээд эрхэлсэн ажилгүй гэдгээрээ шалтаглажээ.
Хулгайн гэмт хэрэгт насанд хүрээгүй буюу 17 нас хүртэлх 37 хүүхэд холбогдож, 35 сурагч, 3 оюутан “хулгайч” гэх нэрийг зүүгээд байна. Шинээр найруулсан Эрүүгийн “энэрэнгүй” хуульд ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 16-аас дээш байхаар тусгаж, хүнд гэмт хэрэг үйлдсэн бол 14 настанд ял оноож болно, тэгэхдээ ял нь хорих биш хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ байна гэсэн шинэ зохицуулалтыг бий болгосон. Тухайлбал 14-18 хүртэлх насны хүүхэд хэрэг үйлдвэл олон нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, сургалт хүмүүжлийн тусгай хорионд байлгах гэсэн гурван төрлөөр арга хэмжээ авах юм. Мөн шинээр баталсан Зөрчлийн тухай хуулинд шийтгэл хүлээлгэх насыг 16 байхаар заажээ. Хүмүүжил муутай, “гар нь загатнасан”, мөн гэрээсээ дайжих сонирхолтой хүүхдүүдэд энэ хуулийн заалтууд бол боломж. Аймгийн Шүүхээс шинэ хуулийн дагуу “хулгайч” хүүхдүүдээ “харж, үзэж” гэрээр хүмүүжүүлэх, ялыг нь хойшлуулах, тэнсэх арга хэмжээ авч, Цагдаагийн газраас захиргааны хяналт тавин ажиллаж байгаа аж.
Төрийн албан хаагч гэх 2 хүн хулгайн хэрэгт холбогдсон байна. Тэдний нэг нь айлаас эд зүйл хулгайлж авсан бол нөгөөх нь лангуун дээр тавиад орхисон гар утсыг “шуужээ”. Тогтсон ажилтай, тогтмол цалинтай, улс орон, ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр, үнэнчээр зүтгэнэ гэж тангарагласан хүн хулгай хийхийг “сэтгэхүйн онцлог” гэж ойлгохоос аргагүй. “Хулгайлах боломж биш хулгайч сэтгэхүй арилахаас нааш юу ч хийгээд нэмэргүй” гэсэн үг байдаг даа.
2016 онд иргэдийн өмчийн хулгай 147, малын хулгай 30, мотоциклийн хулгай 27 бүртгэгдэж, хэргийн нийт илрүүлэлт 59,9 хувьтай байна. Хэргийн 103 удаагийн үйлдэл нь гэр, орон сууцанд үйлдэгдэж байгаагаас авч үзэхэд иргэд ажилдаа болон хот, хөдөө явахдаа гэр орноо бусдад захиж үлдээдэггүй, Хөршийн холбооны хяналт, харилцаа тааруу, гэр орныхоо хаалга, цонхыг найдвартай хамгаалж чадаагүй, хяналтын камергүй, ядаж л хашаандаа хүн айлгачихаар нохой байлгаагүйгээс эд хөрөнгөө хулгайд алддаг нь тодорхой юм.
Түүнчлэн малчид малаа хариуллагагүйгээр орхидог нь чононы өмнө эзэнгүй хонь орхисонтой ялгаагүй хэрэг болж байна. 2016 онд мал хулгайлах гэмт хэргийн 46 гомдол мэдээллийг иргэд, байгууллагаас хүлээн авч, 28 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд 63 холбогдогчтой, 101 сая төгрөгийн хохиролтой 247 малыг олж тогтоосон болохыг Цагдаагийн газраас мэдээлсэн.
Хулгайлах гэмт хэрэг өсч байгаа шалтгааны нэг хэсэг нь ажилгүйдэл. Өнгөрсөн онд ажилгүй 144 иргэн бусдын эд зүйлийг хулгайлсан байна. Тэд өдөр 14-19, шөнө 22-06 цагийн хооронд эзэнгүй айлын цонхоор орох, хаалга эвдэх, түлхүүр тааруулах, хуурч мэхлэх гэхчлэн аргуудыг хэрэглэн нэвтэрч, эд хөрөнгийг хууль бусаар авдаг бөгөөд энэ нь ажилгүйгээс болж өлсөж, турж үхэх гээд байгаадаа биш бусдын бүтээсэн баялаг дээр тулгуурлаж мөнгө олох гэсэн шунахайн сэдлээр үйлдэж буй хэрэг юм. Хулгайн 85 хэргийг бүлэглэн үйлдсэн байна. Ажил хийж мөнгө олохоос илүү хулгай хийж мөнгө олохыг эрхэмлэж буй зохион байгуулалттай этгээдүүдэд шинэ хуулиар долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна.
Хулгайчдын “онилдог” нэг субьект бол албан байгууллага юм. Ажилчин, албан хаагч, үйлчлүүлэгчдийн анхаарал, болгоомжгүй байдлаас болж эд зүйл алдагдах тохиолдол өнгөрсөн онд төрийн болон төрийн бус байгууллага дээр 8, олон нийтийн газар 24 удаа гарчээ.
Хулгайн хэргийн улмаас иргэд, байгууллагад нийт 450,1 сая төгрөгийн хохирол учирч, өмчийн хулгайн илрүүлэлт 62,3 хувьтай байгаа ба 209,7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй учир иргэд хулгайд алдсан эд зүйлийн хохирлоо барагдуулж чадалгүй, түдгэлзүүлсэн хэрэг нийт хулгайн гэмт хэргийн тал орчим хувийг эзэлж байна.
Эрүүгийн хуулийн шинэ заалтанд гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, эсхүл учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно хэмээн заасан. 2016 онд хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаад шүүхээс тэнсэн ял авсан 19 этгээд байна.
Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасныг хулгайчид овжин ашиглах нь ч бий. Юутай ч “шоронжсон” хуулиас “энэрэнгүй” хуулийг илүүд үзсэн засаг төр, хуулийн байгууллагын “хайр халамжийг” урт гартнууд буруугаар ашиглаж, хаа сайгүй хар мөрөө үлдээсээр байна.
Б.Батчимэг