Тэмээчдийн баяр боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-10 00:53:31

“Их говийн тэмээд” тэмээчдийн баяр, бүсийн зөвлөлгөөн энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумнаа боллоо. Тус арга хэмжээнд Баян-Өндөр, Шинэжинст, Жинст Баянлиг, Баянговь, Баянцагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ зэрэг сумдын нийт 100 шахам тэмээчид оролцсон байна.

Баянхонгор аймгийн ИТХ-д Баян-Өндөр сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Батбаяр, аймгийн ИТХ-д Бууцагаан сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин нарын санаачилга, ивээн тэтгэлгээр Баянхонгор аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран зохион явуулжээ.

Тэмээн сүргийн тоо толгой 2000 оныг хүртэл тогтмол буурч байсан Баянхонгор аймаг жилийн эцсийн мал тооллогоор тэмээн сүрэг өссөн үзүүлэлттэй гарсан нь тэмээчдийн хувьд төдийгүй аймаг, орон нутгийн хувьд таатай мэдээ. Тиймээс их газрын заан, арслан хэмээн нэрлэгддэг тэмээн сүргийн тоо толгойг цаашид өсгөх, ашиг шимийг олон нийтэд сурталчлан таниулахад онцгой анхаарах болсны илрэл нь тус зөвлөлгөөн, тэмээний баяр юм.

Тус баяр, зөвлөлгөөний хүрээнд монгол, бэсрэг, тором тэмээний уралдааныг зохион байгууллаа. Нийтдээ 150 гаруй тэмээ уралдсанаас хурдан монгол тэмээний төрөлд 64 тэмээ уралдаж Шинэжинст сумын уяач М.Дөлгөөний хөх тэмээ түрүүлсэн бол хурдан бэсрэг тэмээний төрөлд Баянлиг сумын уяачид одтой байж, С.Мэндбаярын бор, Т.Галхүүгийн улаан, С.Мөнхжаргалын шар тэмээд эхний гуравт хурдалсан байна. Харин хурдан торомны уралдаанд Баян-Өндөр сумын Т.Аюугшийн шар түрүүлж, Ж.Баянхишигийн хүрэн удаалжээ.

Тэмээн сүргийн бүтэц, монгол тэмээний цусыг цэврээр хадгалж үлдэхэд чухал зүйл бол буур байдаг. Тиймээс жил бүрийн тэмээчдийн баяр, зөвлөлгөөний үеэр сайхан буур шалгаруулах үйл ажиллагааг тогтмол хийж иржээ. Энэ жилийн сайхан буур шалгаруулах уралдаанд 22 тэмээчний 22 буур оролцсоноос Шинэжинст сумын тэмээчин Шоовойн арван настай буур түрүүллээ.

Тэмээ нь сүр бараа ихтэйн зэрэгцээ, сүрлэг байдал нь тэмээ дагасан соёл, тэмээг гоё, сайхан байдлаар унаж хэрэглэх нэгэн соёлыг тэмээчдийн дунд бий болгожээ. Уг уламжлалыг сэргээж эл баярын хүрээнд сайхан хос шалгаруулах уралдааныг мөн зохион байгуулсан юм. Сайхан хосыг шалгаруулахдаа тухайн тэмээний өөрийн байдлыг харахаас гадна тэмээний эдлэл хэрэглэлийг ямар байдлаар урлаж, чимсэн, өөрсдөө мөн хэр сайхан хувцасласан зэргийг харгалзан үзсэн байна. Тус уралдаанд Баянцагаан сумын тэмээчин Д.Аюуш, Энхбат нар тэргүүлэв.

Сонирхуулахад, Баян-Өндөр сумын тухайд Хос зогдорт улаан тэмээний омог батлуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Цаашид энэ ажлыг эрчимжүүлж, монгол тэмээний цусыг цэврээр хадгалах, өсгөж үржүүлэхэд онцгой анхаарах юм байна.

                                                                                                                          Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ