Футзалны “Үндэсний цом-2017” тэмцээн Дарханд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-09 23:00:37

Монгол улсын 21 аймгийн аварга шалгаруулах Футзалны “Үндэсний цом-2017” тэмцээн энэ сарын 15-22-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт болно.

Монголын хөл бөмбөгийн холбооноос томилогдсон ажлын хэсэг тус аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай уулзаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

Үүнд уг тэмцээнийг зохион байгуулахтай холбоотой аймгийн Засаг даргын захирамж гаргуулж аймгуудаас ирэх тамирчид болон албаны 300 хүнийг долоо хоног байлгах байр зэрэг асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авахаар тогтов.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Монголын хөл бөмбөгийн холбооны Футзалны “Үндэсний цом 2017” тэмцээнд бүх аймгийн баг тамирчид холимог системээр өрсөлдөж аваргаа тодруулна. “Уг тэмцээнийг зохион явуулснаар аймгуудын шигшээ багуудын дунд спортын өрсөлдөөнийг бий болгож тухайн аймаг орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж аймгийнхаа хөлбөмбөгийн баг тамирчдаа дэмждэг нөхөрсөг харилцааг бий болгоход гол зорилго нь оршино” гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат ярилаа.

Тус аймагт энэ онд Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилт 100 мянган долларын хөрөнгө оруулалтаар 20х40 хэмжээтэй хөлбөмбөгийн мини талбай байгуулахаар болжээ.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ