Монголд тахь нутагшуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-09 11:03:17

Монгол Улсад тахь сэргээн нутагшуулсны 25 жилийн ой энэ онд тохиохтой холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекыг хүлээн авч уулзлаа.

Монголд 1992 оноос тахь нутагшуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Хустайн нуруу, Говийн их дархан газар, Хомын талд нутагшсан тахийн тоо 500 гаруйд хүрээд байгаа юм. Прага хотын амьтны хүрээлэнгийн хувьд 2010 оноос Монголд 23 тахийг тээвэрлэн авчирсан байна. Үүнээс 19 тахийг Говийн их дархан газарт, бусдыг нь Хомын талд  нутагшуулжээ. Цаашдаа Монголд тахь нутагшуулах, хүрээлэн буй орчин, нөхцлийг нь сайжруулах чиглэлээр санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгийг ноён Мирослав Бобек онцлов.

БОАЖ-ын сайд тахь сэргээн нутагшуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Прагийн амьтны хүрээлэнгийнхэнд талархал илэрхийлээд, "Говийн их дархан цаазат газрыг өргөжүүлэн хөгжүүлэх “Тахь сэргээн нутагшуулах, хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулахаар ажиллаж байна. Ингэснээр байгаль хамгаалагчийн орон  тоо нэмэгдэж, тахь хамгаалах ажилд томоохон түлхэц үзүүлнэ" хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ