Сонгуулийн маргаанаас болж Сүхбаатар аймаг төсвөө батлаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-06 18:17:10

Өнгөрөгч долдугаар сарын 19-нд болсон Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны шийдвэрийг Дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн талаар тус аймгийн АН-ын дэд  дарга Д.Хосбаяр болон бусад  гишүүд мэдээлэл хийв.

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр МАН, АН тус бүр 16 суудал авсан. Гэтэл МАН түр үнэмлэхээ аваагүй гишүүнийг нэмж хуралдан аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргыг тус тус томилсон. 10 дугаар сард нөхөн сонгууль явуулахад АН 17 суудал авч олонх болсон ч Дээд шүүх МАН-ын 17 гишүүний ирцтэй анхдугаар хуралдааны шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Өнгөрсөн сарын 5-наас өмнө тус аймаг төсвөө болон Засаг даргын ажлын төлөвлөгөөг батлах ёстой. Гэтэл Сүхбаатар аймаг сонгуулийн маргаанаас шалтгаалж одоог хүртэл төсөв батлаагүй байна гэж тус аймгийн АН-ын гишүүд ярьлаа.

Б.Гаваа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ