Иргэдийн дунд бэлгийн замын халдвар жил тутам нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-05 22:42:26

Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж, хяналтаас гарахад ойрхон байна.

Бэлгийн замын халдварт өвчин дотор тэмбүү, гонококкт, трихомониазын халдвар эрс нэмэгдэж байгааг Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Халдвартын албаны ДОХ, БЗДХ-ын кабинетын их эмч Г.Мягмарсүрэн хэллээ. Тус кабинетад өдөрт дунджаар 30 хүн  үзүүлж байгаагийн дийлэнх нь тэмбүү өвчтэй байдаг аж.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2013 онд бэлгийн замаар дамжих халдварын \БЗДХ\ 168 тохиолдол бүртгэгдсэнээс 131 буюу 88,9 хувь нь тэмбүү өвчин байсан байна. Үүнээс 19,1 хувь нь жирэмсэн эх байжээ. 2014 онд БЗДХ-ын 240 тохиолдол бүртгэгдсэнээс 164 буюу 68,3 хувь нь тэмбүүтэй, үүнээс жирэмсэн эхчүүд  15,9 хувийг эзлэсэн байна. 2015 онд БЗДХ-ын тохиолдол 341 бүртгэгдсэнээс 189 буюу 55,4 хувь нь тэмбүүгээр өвчилсөний 19,3 хувийг жирэмсэн эхчүүд эзэлж байна. 2016 оны эхний 10 сарын байдлаар 208 тохиолдлоос 132 буюу 63,3 хувь нь тэмбүүгээр өвчилж, үүний 24,4 хувийг нь жирэмсэн эхчүүд эзэлж байв.

Энэ бол зөвхөн БОЭТ-ийн Халдвартын албаны ДОХ\БЗХӨ-ний кабинетад бүртгэгдсэн тоо юм. Үүнээс гадуур хувийн эмнэлгүүдээр үзүүлж, дур мэдэн эм тариа авч хэрэглэж байгаа хүмүүс ч цөөнгүй гэдгийг  мэргэжлийн эмч хэлж байна.

Мөн бэлгийн замын халдварт өвчнөөр, ялангуяа тэмбүүгээр өвчилсөн хүмүүс хавьтагчаа нуудаг нь энэ өвчнөөр өвчилсөн хичнээн хүн байгааг мэдэх аргагүй болгож байгаа гэнэ. Архидан согтуурсны уршгаар эрчүүд бэлгийн замбараагүй хавьталд орон өвчин авч, жирэмсэн эхнэртээ халдааж байгаа нь жирэмсэн эхчүүд тэмбүүгээр өвчилж, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх эрсдлийг нэмэгдүүлж байна гэдгийг ч хэллээ.

Тэрчлэн Өвөрхангай аймгийн хэмжээнд ДОХ-той хүн нэгээр тогтохгүй гэдгийг холбогдох албанаас мэдээлсэн юм.

Иргэдийн дунд жил ирэх тусам бэлгийн замын халдварт өвчлөл нэмэгдэж байхад аймгийн хэмжээнд ганц эмч ажиллаж байгаа нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүч хүрдэггүй, тиймээс иргэн бүр, бүх шатны байгууллага хамтран тэмцэж байж үр дүнд хүрнэ гэдгийг Г.Мягмарсүрэн эмч онцоллоо.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ