Газрын тосны хайгуулын ажил нутгийн иргэдийн эсэргүүцлээс болж зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-05 13:09:35

Увс аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн З.Ганболдоос Увс аймагт хийгдсэн газрын тосны хайгуулын ажлын талаар тодрууллаа.

-Сүүлийн хоёр жил Увс аймагт хийгдсэн газрын тосны хайгуулын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-“Монголиа Гладвилл Увс Петролиум” компаниас Монгол Улсын Засгийн Газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2015 онд байгуулж, Увс аймагт газрын тосны хайгуулын ажлыг 8 жилийн хугацаатай үргэлжлүүлэхээр болсон. Энэ гэрээг дахиад хоёр, хоёр жилээр сунгаад явах боломжтой. Нийтдээ 851 сая ам. долларын хөрөнгө оруулалттай, үнэлгээ бүхий томоохон ажил байгаа юм. Увс аймгийн нутаг дэвсгэр дээр газрын тосны хайгуул хийх асуудал гэнэт шийдэгдээгүй, 10-аад  жилийн өмнөөс эхлэлтэй. ОХУ-ын зарим судалгааны компанийн сансраас авсан зурагнаас энэ асуудал сөхөгдөж, газрын тосны хайгуул хийх талбайн нөөцөд бүртгэгдсэн. 2014 онд Увс нуурын сав газрын “Увс-1” талбай дээр хайгуул хийх зөвшөөрөл олгохоор болж, Хонгконгын хөрөнгө оруулалттай “Монголиа Гладвилл Увс Петролиум” компани тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр тодорсон юм.

-Газрын тосны хайгуулын ажил ямар шатанд яваа вэ?

-Өнгөрсөн жил Малчин сумын нутагт хоёр өрөм тавьж, нэгийг нь 1950 м өрөмдөөд зогссон бол нөгөөг нь 980 м өрөмдөөд техникийн саатлаас зогссон. Энэ жил Наранбулаг, Тэс, Зүүнговь сумын нутагт газрын тосны хайгуулын ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй орж ирсэн ч янз бүрийн шалтгаанаар хойшилсоор байгаад 2016 оны 8-р сарын 1-ээс эхэлсэн. Ингэхдээ газрын тосны хайгуулыг чичирхийллийн аргаар хийхээр болсон. Газрын гүнд дохиолол өгч, тэрнээсээ автоматаар мэдээлэл аваад судалгаа хийдэг аргыг Наранбулаг суманд хийгээд, харин Тэс суманд хийх байсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч ажил зогссон. Нутгийн иргэдийн эсэргүүцэл нь өргөжөөд Зүүнговь сумынхан нэгдсэн. Эцэстээ тус компани хайгуулын ажлаа зогсоогоод Увс аймгийн нутгаас гарахад хүрсэн. 

-Тэгэхээр цаашдаа газрын тосны хайгуулын ажил хийгдэхгүй гэсэн үг үү?

-Энэ ажил одоо Засгийн газрын түвшинд яригдах байх. Нэгэнт Засгийн Газрын шийдвэр гараад Бүтээгдэхүүн хуваах гэрээг 8 жилийн хугацаатай байгуулж, хууль зүйн үндэслэл нь бүрэн шийдэгдсэн тусгай зөвшөөрөл тул ажил үргэлжлэх байх. Газрын тосны хайгуулын ажил Ашигт малтмалын тухай хуулиар биш Газрын тосны хуулиар зохицуулагдаж байгаа. Манай аймгийн хувьд хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь газрын тосны хайгуулын талбай 19 сумын 14-ийнх нь нутаг дэвсгэрийг харилцан адилгүй хэмжээгээр хамарч байгаад оршиж байгаа. Нөхцөл байдал одоогоор ийм байна. Дараагийн ажлууд Засгийн Газрын түвшинд цааш нь яригдаад явагдах байх.

Б.Батхүү

Холбоотой мэдээ