Зээлийн дээд хэмжээг тогтоолоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-01 16:16:48

Энэ онд Баянхонгор сумын Сум хөгжүүлэх сангаас 410 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөгджээ. Тиймээс Баянхонгор сумын Сум хөгжүүлэх сангаас нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоосон байна.

Сум хөгжүүлэх сангаас зээл авахаар ирүүлсэн төсөлд олгох зээлийн дээд хэмжээ аж ахуйн нэгжид 30 сая төгрөг, иргэнд 10 сая төгрөг хүртэл байх аж. Энэ тухай сумын ИТХ-ын тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөнө.

Аж ахуйн нэгж, иргэд Сум хөгжүүлэх сангаас зээл хүсэх тохиолдолд Баянхонгор суманд бүртгэлтэй буюу байнга оршин сууж үйл ажиллагаа явуулдаг байх, сум хөгжүүлэх болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх, орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг бий болгох, төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм байна.

Улирч буй 2016 онд холбогдох дүрэм, журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Харин 2015 онд төсөл нь шалгарсан боловч санхүүжилтээ аваагүй байсан 14 төсөлд 72 сая төгрөгийн зээл олгожээ.

                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ