Үүргээ биелүүлээгүй малчинд арга хэмжээ тооцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-30 15:44:19

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэгжүүлээгүй Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн малчин Э-г тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар 30000 төгрөгөөр торгон арга хэмжээ авч, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгчээ.

Мөн хариуцсан суманд байгаа энэ зөрчлийг арилгах, бод малын зүсийн бүртгэл, зурагжуулах ажлыг зохион байгуулах тухай мэдэгдлийг Баянхутаг сумын Засаг даргад хүргүүлсэн байна.

Дээрх хуулийн заалтад  “малчин өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа им тамга, бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсийн бүртгэл хөтлөх” гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй, зурагжуулаагүй, малаа байнга хариуллага маллагаатай байлгаагүй зэрэг үндэслэлүүд багтдаг аж.

Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөж байгаа журмаар мал бүхий иргэн нь бусдад шилжүүлж байгаа малаа зүсийн бүртгэл, "А" данснаас хасалт хийлгэсэн үед багийн Засаг дарга гарал үүслийн бичиг олгох, мал алдсан бол зүсийн бүртгэлийн зургаар эрэн сурвалжлуулах, зүсийн бүртгэл, "А" данснаас хасалт хийх үүрэг хүлээх юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ