Хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр /2016.12.28/ Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетикийн нөөцийн тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг анх 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд өөрчлөн найруулсан бөгөөд энэ хуулиар мал эмнэлгийн болон мал үржлийн үйлчилгээг нэгэн зэрэг зохицуулж байна.
Мал эмнэлгийн үйлчилгээ нь нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай, зарим тохиолдолд албадлага хэрэглэдэг, шуурхай ажиллагаа шаардсан цогц үйлчилгээ байдаг. Харин мал үржлийн ажил үйлчилгээ нь бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чиглэгдсэн чөлөөт зах зээлийн зарчмаар сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлдэг үйлчилгээ юм.
Зарчмын хувьд эрс ялгаатай хоёр үйлчилгээг нэг хуулиар зохицуулснаар мэргэжлийн үүрэг, хариуцлагын зааг ялгаа бүдгэрэх, салбар хооронд зөрчил үүсэх сөрөг үр дагаварыг буй болгож байна. Тухайлбал, мал эмнэлгийн үйлчилгээг малын эмч, мал үржлийн үйлчилгээг мал зүйч гүйцэтгэх өөр өөр чиг үүргийг одоогийн хүчин төгөлдөр хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. дэх хэсэгт нийлүүлж оруулснаас зарим зөрчил, маргаан үүсч байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хэллээ.
Мөн дээрх хуульд байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны өвчлөл, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалах халдваргүй өвчин, түүнээс сэргийлэх, халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлж шуурхай хариу арга хэмжээ авах мал эмнэлгийн үйлчилгээний байнгын бэлэн байдлын тогтолцоо, мал эмнэлгийн лабораторийн эрх, үүрэг, мал, амьтны өвчний бүртгэл, тархвар зүйн /эпидемиологи/ мэдээллийн сан, малын эмчийн ёс зүй, сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн эрхлэх үйл ажиллагаа, түүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх үүрэг, хариуцлага зэрэг асуудал огт тусгагдаагүй байгаа юм байна.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэл болон практик шаардлагад тулгуурлан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааны хамрах хүрээг өргөжүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг хангах зорилгод нийцүүлэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийг шинээр боловсруулжээ.
Түүнчлэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр 2011 онд хийсэн судалгаагаар уг хуульд бусад хуультай давхардсан 23, зөрчилтэй 10, хийдэлтэй 11 заалт байгааг тогтоосон байна.
Одоо мөрдөж байгаа хуулиар малын тоо, сүргийн бүтцийг зохистой харьцаанд хадгалах, төлөв байдлыг нь үнэлэх, малын нөхөн үйлдвэрлэлийг бүс нутгийн онцлог, эдийн засгийн зорилго, чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, малын үржүүлэг, тэжээллэг, арчилгаа, маллагаанд технологийн ажилд хяналт тавих, үржлийн малд сонголт хийх, үүлдэр, омгийн малын ашигт шинж чанарыг бататган сайжруулах, удам зүйн үнэлгээнд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлэг явуулах, хил дамнасан үүлдрийн малын нутагшилтын байдалд үнэлгээ өгөх, баталгаажуулах зэрэг зохицуулалт хангалтгүйгээс малчид, мал аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээд төрөл бүрийн үүлдрийн мал, үр, хөврөл үрийг импортлон хяналтгүй ашиглах, эрлийзжүүлгийг хяналтгүй явуулах, удам зүйн үнэлгээ хийгдээгүй эцэг малыг таамгаар сонгон хээлтүүлэгчээр тавих, мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтгүйгээр ашиглах зэрэг нийтлэг дутагдал хавтгайрсан нь малын үүлдэрлэг байдал алдагдах, тэсвэрт чанар муудах, давжаарах, нэг малаас авах ашиг шимийн хэмжээ, чанар буурахад хүргэж, улмаар малаас үр шим хүртэгсдийн амьжиргаанд илтэд сөрөг нөлөөлж байгаа юм байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаа, үнэлгээгээр мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт дэлхий нийтэд жилээс жилд өсч, 2050 он гэхэд хөгжингүй орнуудад сүүн бүтээгдэхүүний эрэлт одоогийн түвшнээс 46,0 хувь, махан бүтээгдэхүүн 76,0 хувиар нэмэгдэх, түүнчлэн амьд мал, генетикийн бүтээгдэхүүн солилцох олон улсын худалдаа эрчимжих чиг хандлагатай байгааг харуулсан байна.
Дээрхи эрх зүйн үндэслэл болон практик шаардлагад нийцүүлэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан малын удмын санг хамгаалахтай холбогдсон харилцааны хамрах хүрээг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлттэй уялдуулан, малын генетик нөөцтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.