Баяндалай сумын Баян багт “Адууны баяр” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:36:12

Тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй адууны баярыг Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн уугуул, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын аварга малчин Жамцдоржийн Баяраа анх санаачлан зохион байгуулж байв.

Тэгвэл Баяраа агсаны нэрэмжит энэ жилийн “Адууны баяр-2015” арга хэмжээ өргөн дэлгэр болж өнгөрлөө. Адууны баярт Монгол Улсын шилдэг манлай хүлэгч, Монгол Улсын Морин спортын мастер /МУМСМ/, аймгийн алдарт уяач, аймгийн сайн малчин Буянхүүгийн Ууганбаяр, аймгийн сайн малчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, аймгийн начин Давгын Гомбо, мөн Баяндалай сумын харьяат, МУМСМ, Монгол Улсын манлайлагч, аймгийн хошой аварга малчин, аймгийн алдарт уяач Гомбын Буянхүү, 1990 оны Монгол Улсын уран уургач, МУМСМ Дашийн Эрдэнэбилэг зэрэг олон хүндэт зочид болон 6 сумын адуучин залуус, ард иргэд, гадны жуулчид хүрэлцэн ирсэн байлаа. Адууны баярт зориулан газар газрын 23 хурдан даага уралдсанаас Даланзадгад сумын уяач А.Батхишигийн халиун даага түрүүлж, Булган сумын алдарт уяач Д.Батнасангийн саарал аман хүзүүдлээ. 3-т мөн А.Батхишигийн цагаан даага, 4-т Ханхонгор сумын уяач Х.Батхуягийн хонгор алаг, айргийн тавд аймгийн алдарт уяач, Б.Түмэнбаярын зээрд тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгасан юм. Адуучин тэмцээн өрсөлдөөнтэй болж, уран уургач, уран бугуйлч, эмнэг булгиулах зэрэг төрлүүдээр адуучин залуус авхаалж самбаа, эр зоригоо сорин ур чадвараа гайхуулан тэргүүн байранд Ханхонгор сумын адуучин Хорголын Батхуяг, удаах байранд Баяндалай сумын залуу адуучин Гантулгын Цэрэндорж, гуравдугаарт Булган сумын адуучин Эрдэнэбилэгийн Бямбажав нар тус тус шалгарсан юм.

С.Сумьяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд