Н.Түвшинбаяр хүү 2016 оны онцлох хүүхдээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-27 18:11:14

Увс аймгийн Тариалан сумын Ахлах сургуулийн 2б ангийн сурагч Нямдаваагийн Түвшинбаяр "Монгол Улсын 2016 оны Онцлох хүүхэд"-ээр шалгарч, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өнөөдөр батламжаа гардаж авлаа.

Н.Түвшинбаяр нь энэ онд Азийн аваргын хос алтан медаль, дэлхийн даамын холбооны дэд мастер цол хүртсэн амжилтаар ийнхүү оны шилдэг хүүхдээр шалгарчээ. Тэрбээр 2009 оны 1-р сарын 19-нд Улаангом хотод төрсөн айлын ууган хүү байна. Аав, ээж, дүүгийнхээ хамт амьдардаг Н.Түвшинбаяр хүү гурван настайгаасаа эхлэн зуун буудалт даамаар хичээллэж, энэ хугацаанд сум, сургуулийн болон аймгийн аварга даамчин болж байжээ. Зургаан настайдаа даамын улсын аваргаас хүрэл медаль хүртэж, спортын мастерийн 1-р зэрэг хангасан байна. Улмаар энэ онд Азийн аваргад оролцож, Зуун буудалт даамын тэмцээнээс үндсэн болон арабит төрлөөр тус тус алтан медаль хүртжээ.             

Тэрбээр зуун буудалт даамаас гадна хөнгөн атлетик, үндэсний бөх, бий биелэгээ, цэнгээнт бүжгээр хичээллэж, аймаг орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд оролцож, алт мөнгөн медаль хүртсэн авъяаслаг сурагч юм.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ