Ш.Абэ Перл Харборт хүрэлцэн ирэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-27 09:32:01

ТОКИО./Kyodo/. Хавай арал дахь Номхон далайн үндэсний оршуулгын газарт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хүрэлцэн очиж, дайнд амь эрсэдсэн америк цэргүүдийн дурсгалыг хүндэтгэлээ.

Ш.Абэ орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 09:00 цагт Хавайд газардсаныхаа дараахан тус оршуулгын газарт очсон байна.

Тэнд Номхон далайн дайн ба Вьетнамын дайны үеэр амь эрсэдсэн 50 мянга орчим хүн, тэдний дотор АНУ-ын цэргийн албан хаагчдыг оршуулжээ. Дэлхийн II дайны дараа Японы хэд хэдэн Ерөнхий сайд, тэдний дотор Шигэрү Ёшида тус оршуулгын газарт очиж байсан юм.

Ш.Абэ цэцэг өргөж, нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлжээ.

Удахгүй ерөнхийлөгчийн суудлаа өгөх гэж буй Барак Обаматай тэрбээр өнөөдөр уулзаж, хэлэлцээ хийх юм.

Дараа нь, одоогоос 75 жилийн өмнө Перл Харбор бааз руу Японы арми довтлох үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр тэд Аризонагийн дурсгалын цогцолборт очихоор төлөвлөжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ