Гавьяат тамирчин Б.Сэр-Одод хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-23 22:57:52

Говь-Алтай аймгийн уугуул Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од Алтай нутагтаа ирлээ. Аймгийн Засаг дарга С.Гансэлэм гавьяатаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Алтай хотын “Хүндэт иргэн” тэмдгээр шагнасан байна.

Б.Сэр-Од Монгол улсын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоожээ. Мөн Азийн 14 дэх удаагийн Марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгд зохион байгуулагдахад Монгол улсын тамирчин 31 настай Бат-Очирын Сэр-Од 2 дахь удаагаа Ази тивийн аварга гэх хүндтэй цолыг хүртжээ. Тэрээр 2 цаг 17 минут 56 секундэд замаа туулж аварга болсон байна. Сэр-Од нь 2006, 2008 онуудын зуны олимпын тоглолтод оролцож байсан, 2012 оны Лондонгийн олимпод оролцохдоо Монгол улсын төрийн далбааг барин гарч ирж байсан алдартай тамирчин юм.

Тэр Хонконгийн уламжлалт марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж үзүүрлэж байсан туршлагатай. Түүний хамгийн дээд амжилт нь Японы Оитад үзүүлсэн 2 цаг 11 минут 05 секундийн амжилт юм байна.

                                                                               Ш.Цоодол

Холбоотой мэдээ