“Alibaba” хуурамч бараа борлуулагчдын хар жагсаалтад дахиад оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-22 13:54:14

БЭЭЖИН./BBC/. Интернэт худалдааны Хятадын хамгийн том компаниудын нэг болох “Alibaba” хуурамч бараа борлуулдаг “нэр хүнд муутай компаниуд”-ын жагсаалтад эргээд оржээ.

“Alibaba” уг жагсаалтаас 4 жилийн өмнө гарсан боловч АНУ-ын албаныхан тус компанийн охин компани болох “Taobao” хуурамч бараа бүтээгдэхүүнийг ихээр худалддаг гэж мэдэгджээ. Харин тус компанийн зүгээс уг мэдэгдлийг үгүйсгээд "манай компанийн хэрэгжүүлж буй маркетингийн бодлого өмнөхөөс эрс сайжирсан" гэжээ.

АНУ дахь улс төрийн нөхцөл байдал тэднийг дээрх жагсаалтад эргээд ороход нөлөөлсөн байж магадгүй гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп сонгуулийн компанит ажлынхаа үеэр "Хятадын компаниуд оюуны өмчийг хулгайлж байна" гэж мэдэгдэж байсан билээ.

“Alibaba”-ын ерөнхийлөгч Майкл Эванс дээрх шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд уг шийдвэр нь бодит баримт дээр тулгуурласан уу эсвэл өнөөгийн улс төрийн нөхцөл байдал шалтгаалав уу гэдгийг тодруулахыг хүссэн байна.

Дээр дурдсан “Taobao” нь хуурамч бараа борлуулдаг сайт гэдгээрээ "алдартай" аж. Энэ оны эхээр “Taobao” мэдэгдэл хийж, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний худалдаандаа хатуу хяналт тавина гэж байсан билээ.

Өнгөрсөн 5 дугаар сард зохиогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Олон улсын хуурамч бараа борлуулалтын эсрэг эвслийн гишүүнчлэлээс "Алибаба"-г түдгэлзүүлсэн билээ. "Алибаба"-гийн гишүүнчлэлтэй холбоотойгоор “Gucci” болон “Michael Kors” зэрэг 250 гаруй гишүүд тус эвслээс гарна хэмээн сүрдүүлж байсан юм.

Одоогоор “Alibaba” нь Хятад дахь хамгийн том интернэт жижиглэнгийн худалдааны компани бөгөөд 2014 оны 9 дүгээр сард Нью Йорк хотын хөрөнгийн бирж дээр 25 тэрбум доллар босгож дээд амжилт тогтоож байжээ.

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ