Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-21 11:51:10

Увс аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан энэ өглөө эхэллээ.

Энэ удаагийн хурлаар гурван асуудлыг хэлэлцэх бөгөөд эхний асуудал нь төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх байсан юм. Увс аймгийн Өмнөговь сумаас аймгийн ИТХ-д нэр дэвшин өрсөлдсөн Гомбосүрэнгийн Нямбаяр нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулсан тул өнөөдрийн хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өглөө. Шүүхийн шийдвэр энэ сарын 1-нд эцэслэн гарсан байна. Г.Нямбаяр нь АН-аас аймгийн ИТХ-д нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр Увс аймгийн ИТХ элэг бүтэн буюу 41 төлөөлөгчтэй болж байна.

“Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод өнөөдөр бүрэн эрхээ баталгаажуулж байна. Миний өрсөлдөгч Р.Төмөрчөдөр аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаснаар өнгөрсөн 5 сарын хугацаанд хоёр шатны шүүхээр явж ялалт байгууллаа. Цаашдаа сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллана” гэв.

Тэрбээр 873 хүний санал буюу өрсөлдөгч Р.Төмөрчөдөрөөс 5 хүний санал илүү авч ялалт байгуулсан байна.

Аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан үргэлжилж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ