Ванны лосьон уусны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-12-21 11:18:55

ЭРХҮҮ. /TASS/. Дорнод Сибирьт спирт агуулсан ванны лосьон уусны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 58 болж нэмэгдсэн тухай Оросын албаны хүмүүс мэдэгдлээ.

Тэдний ярьснаар, Сибирийн Эрхүү хотын оршин суугчид метилийн спирт агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн уусны улмаас хордон нас баржээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн дотор муухайрах болон бусад шинж тэмдэгтэйгээр дээрх хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн байна.

"Боярышник"/Долоогоно/ гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад антифриз буюу автомашины хөдөлгүүрийг хөлдөхөөс хамгаалдаг бодис болох метилийн спирт байсныг холбогдох албаны хүмүүс тогтоожээ. Эрхүүд онц байдал зарлаж, Оросын мөрдөн шалгах хороо хавтаст хэрэг нээн энэ хэргийг шалгаж байна.

Хохирогчид бүгд “спиртийн агууламж 93 хувь” гэсэн бичиг бүхий ванны лосьоныг уусан байна. Тэд уг бүтээгдэхүүнийг “архитай” адил гэж бодон уусан бололтой.

Уг ванны лосьоныг үйлдвэрлэж, борлуулж байсан таван хүнийг холбогдох албаны хүмүүс саатуулан байцааж, уг бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдээс  хураан авч байгаа ажээ.

Орост 0.5 л архины жижиглэнгийн үнэ 3 орчим доллар байдаг бол энэ ванны лосьон нь 1.5 орчим долларын үнэтэй аж.

Эдийн засаг нь уруудаж байгаа энэ үед тус улсын бага орлоготой иргэд хямд үнэтэй архи худалдан авч уух нь нэмэгджээ. Энэ он гарснаас хойш тус улсад 6900 орчим хүн архинд хордон амиа алдсан байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ