Чингис хот шинэ оны босгон дээр “Шинэ Өндөрхаан” хорооллоо хүлээж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-20 15:52:02

Чингис хотод Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Шинэ Өндөрхаан” хорооллын 120 айлын орон сууц оршин суугчдаа хүлээж авахад бэлэн болжээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт болох тус хорооллын нээлт саяхан болж, УИХ-ын гишүүн Д.Гантулга, аймаг орон нутгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар болон ард иргэд өргөнөөр оролцов. 

2012 онд шаваа тавьж байсан тус барилга цахилгааны шугам сүлжээний асуудлаас болж түр зогсоод байсан юм. Энэ талаар аймгийн удирдлагуудын хүсэлтээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нөөц хөрөнгөнөөс 350 сая төгрөг шийдэж өгснөөр дүн өвлөөс өмнө тус орон сууцны барилга ийнхүү ашиглалтад орох боломж бүрдсэн юм.

Тус орон сууцны барилга угсралтын ажлыг “Дүрт Уул” ХХК хийж гүйцэтгэжээ.

“Шинэ Өндөрхаан” хороололд сүндэрлэж буй уг орон сууцны 1 өрөө нь 32,84, 2 өрөө 42,92-43,75-45,84 м2, 3 өрөө нь 66,83 м2 гэсэн хэмжээтэй ба нэг м2 нь 1 сая 250 мянган төгрөгөөр зарахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү байр нь 7 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, төмөр бетон карказан хийцтэй, халаалт халуун усны нэгдсэн шугамтай, гал унтраах домофон системтэй, интернет, кабелийн телевиз, сургууль, цэцэрлэг, төв замдаа ойрхон, эрүүл цэнгэг агаарт баригдсанаараа давуу талтай юм.

Түүнчлэн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд нэг м2-ыг нь 4000 төгрөгөөр үнэлэн залуу гэр бүл, өндөр настнуудад түрээслэх ажээ. 

 

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ