Нөхрөөсөө салж дахин гэрлэсэн эмэгтэйг талибанчууд буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-20 13:43:11

КАБУЛ./BBC/. Афганистаны "Талибан" хөдөлгөөнийхөн нөхрөөсөө салаад өөр эрэгтэйтэй дахин гэрлэсэн нэгэн эмэгтэйг буудан хороосон тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Энэ аллага Бадгис мужийн баруун хойд хэсэгт болсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, уг эмэгтэйн хуучин нөхөр нь гадаадад амьдарч байсан бөгөөд тэндээс салалтаа албан ёсных болгосон байжээ.

Гэтэл нөхөр нь Афганистанд буцан ирэхдээ эхнэрийнхээ дахин гэрлэсэн явдлыг Талибаны шүүхэд мэдүүлж өргөдөл гаргасан байна.

Тус улсад гэр бүл салалтыг хориглодог бөгөөд энэ нь эмэгтэйчүүдэд илүү хамаатай ажээ.  "Талибан" хөдөлгөөнийхөн Азиза гэдэг эмэгтэйг хүчээр эцгийнх нь гэрт аваачин тэнд буудан хөнөөсөн байна.

Бямба гарагт амиа алдсан энэ эмэгтэй 25 настай байжээ.  

Энэ эмэгтэйн хуучин нөхөр нь хамаатныхаа нэг хүнээр дамжуулан Азизагаас салсан гэдгээ баталгаажуулсан байсан. Ингээд тэрбээр дахин гэрлэжээ. Гэтэл өмнөх нөхөр нь Иранд ажиллаж байгаад буцаж ирэхдээ түүнээс салснаа үгүйсгэж, талибанчуудад энэ тухайгаа мэдүүлсэн байна. 

Харин Талибаны хэвлэлийн төлөөлөгч Кари Юсуф Ахмади хэлэхдээ "энэ хэрэг гарах болсон шалтгаан нь гэр бүлийн өс хонзон байсан" гэжээ. Уг хэрэгт холбоотой хоёр эрэгтэйг талибанчууд баривчлан хорьсон бөгөөд тэднийг Шариатын хуулиар шийтгэх ажээ.

Талибанчууд завхайрсан гэж үзэн олон эмэгтэйг хороосон тухай мэдээ байнга гардаг билээ. Талибанчууд 1990-ээд онд Афганистаны төрийн эрхэнд байхдаа нийслэл Кабул хотын төв цэнгэлдэх хүрээлэнд олон эмэгтэйг олны нүдэн дээр буудан хороож байсан юм.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ