Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтыг 50 хувь нэмүүлэх санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-19 22:24:02

Оны сүүл болж байгаа тул хөнгөлөлттэй эмийн жорыг өрхийн эмнэлэгүүдээр бичиж олголоо. Аймгийн төвд нэг удаад 300 орчим иргэд хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж авдаг байна. 

Энэхүү хөнгөлөлтийн жорыг ганцхан өдөр бичдэг тул өрхийн эмнэлэгүүд дээр өглөөний 07 цагаас дугаарлах иргэд цуглардаг. Зарим сард эмийн сангуудын нөөц эм дуусчихвал өглөө эрт ирж бичүүлсэн эмийн жор хүчингүй болдог байна. Учир нь жор бичсэн тухайн өдөр л тус хуудас хүчинтэй байдаг. Булган аймгийн Нийгмийн даатгалын эмийн хөнгөлөлтийн төсөв 2016 онд 246 сая орчим төгрөгөөр батлагдсан. Ирэх 2017 онд энэхүү үнийн дүнг 50 хувиар нэмж батлуулах хүсэлтээ аймгийн Нийгмийн даатгал төсөв баталдаг эрх мэдэл бүхий газар нь өгөөд байна.

Булган аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг 20 эмийн сан байдаг бөгөөд 16 нь сумдад, 4 нь аймгийн төв дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Гурван жилийн өмнө 390 нэр төрлийн эм олгогдож байсан бол өнгөрсөн оноос 800 нэр төрлийн эм болж нэмэгдсэн байна.

                                                                                                                                                                                П.Батням

Холбоотой мэдээ