Энди Маррей гуравдахь удаагаа оны шилдгээр шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-12-19 18:11:58

ЛОНДОН./BBC/. Би-Би-Си агентлагийн дэвшүүлсэн хувилбараар Их Британийн оны шилдэг тамирчнаар “Рио-2016” Олимпын аварга, теннисчин Энди Маррей тодорчээ.

Хоёрдугаар байрт гурван төрөлтийн /триатлон/ тамирчин Алистер Браунли, гуравдугаарт морин спортын тамирчин Ник Скелтон нар шалгарсан байна.  

“Энэ он Британийн спортын түүхэнд гайхамшигт жил байлаа. Би энэ гайхамшгийн нэгээхэн хэсэг болсондоо бахархаж байна” гэж Маррей шилдэг тамирчны шагнал гардуулах ёслолын үеэр АНУ-ын Флорида муж улсаас дүрс бичлэгээр холбогдон үг хэлэхдээ онцолжээ.  

Шилдэг тамирчны шагналыг түүнд мэргэжлийн боксын дэлхийн аварга Леннокс Льюис гардуулсан байна.

Өмнө нь Би-Би-Си агентлагийн хувилбараар Маррей 2013 болон 2015 онд шилдгээр шалгарч байсан юм.

Өдгөө 29 настай Энди Маррей дэлхийн талбайн теннисний чансааг тэргүүлж байгаагаас гадна эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Олимпын хошой аварга цол хүртсэн юм.

Харин триатлоны тамирчин Алистер Браунли-гийн хувьд Лондон-2012 болон Рио-2016 Олимпын наадмуудаас алтан медаль хүртсэн билээ.

Б.Адъяахүү   

Холбоотой мэдээ