Хятадын хааны тамга 21 сая еврогийн үнэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-16 11:27:32

ПАРИС. /BBC/. XVIII зууны үеийн Хятадын хааны тамга түүхэнд байгаагүй өндөр үнэ буюу 21 сая еврогоор зарагджээ. Уг тамгыг тооцоолж байснаас 20 гаруй дахин илүү үнээр борлуулсан байна.

Энэ долоо хоногийн лхагва гарагт Парис хотод болсон дуудлага худалдаанд оролцогчид ширүүхэн үнэ хаялцсаны эцэст Хятадын нэрээ нууцлахыг хүссэн нэгэн цуглуулагч тамгыг худалдан авлаа гэж “Drouot” дуудлага худалдааны газар мэдээллээ. 

Атгасан гарын чинээ уг тамгыг улаан ба цагаан стеатит буюу өөхөн чулуугаар хийжээ.

Энэ нь Хятадын хамгийн удаан хугацаагаар төр барьсан хаадын нэг болох Цяньлуны барьж байсан олон зуун тамганы нэг нь гэнэ.

Үүнээс өмнө өөр нэгэн тамгыг 2011 онд 14 сая еврогоор зарж байжээ.

“Drouot”-ын мэдэгдсэнээр, Цяньлун хаанд 1800 гаруй тамга байсны 700 нь алга болсон байна. Үлдсэн 1000 гаруй тамга Хятадын нийслэл Бээжин дэх Хориотой хотын хааны ордон музейд хадгалагдаж байгаа аж.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ