Авлигагүй нийгмийн бий болгох талаар чөлөөтэй ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-13 17:30:44

 Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс “Хариуцлагатай төр- Авлигагүй нийгмийн төлөө” чөлөөт ярилцлагыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.

Чөлөөт ярилцлагад Улаангом сумын ИТХ-д сонгогдсон эмэгтэйчүүд болон багуудын Иргэдийн нийтийн хурлын дарга эмэгтэйчүүд, Улаангом сумын удирдлагууд оролцлоо. Энэ үеэр ЛЭОС-гийн Увс аймаг дахь салбарын үйл ажиллагааны талаар тус салбарын тэргүүн М.Оюунцэцэг мэдээлэл хийсний дараагаар Азийн сангаас Монгол Улсад хийсэн “Авлигын талаарх судалгааны тойм”-ыг ЛЭОС-гийн Увс аймаг дахь салбарын тэргүүлэгч Г.Ууганбаяр танилцуулсан юм.

Энэ сэдвээр өмнө нь аймгийн ЗДТГ-т арай өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тэр үеэр гарсан санал хүсэлтүүдийг эрэмбэлэн энэ удаад хөндөж ярилцсанаараа ихээхэн онцлог байв. Тухайлбал, сүүлийн жилүүдэд авлигал хээл хахууль нэмэгдэх болсон нь төрийн байгууллагын олон давхар шат дамжлага, хүнд сурталаас үүдэлтэй бөгөөд иргэд ажлаа бүтээхийн тулд албан тушаалтнуудад их бага гэлтгүй хэмжээгээр авлига өгдөг гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Иймээс авлигыг бууруулах тал дээр хаана хаанаа анхаарч, газар авахуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг өмнөх хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид онцолсон байна. Харин чөлөөт ярилцлагад оролцогчдын хувьд эхний хэлэлцүүлгийн үр дүнг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд цаашдаа яах вэ, гарах гарц юу байна? гэдгийг нухацтай хөндөж ярилцснаараа ач холбогдолтой байв. Тухайлбал, тэд хариуцлагатай төрийг бий болгож, авлигыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэж үзсэн юм.

Улаангом сумын ИТХ-ын 31 төлөөлөгчийн 8 нь эмэгтэй байна. Өмнөх хуралд 4 эмэгтэй төлөөлөгч байсан бол энэ удаагийн сонгуулиар төлөөлөгч эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Тэрчлэн Улаангом сумын 12 багийн ИНХ-ын дарга нарын 7 нь эмэгтэйчүүд байгаа нь сайшаалтай байв.

“Улаангом сумын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэн нь манай ЛЭОС-гийн Увс аймаг дахь салбарын үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой. Энд манай холбооны гишүүн, тэргүүлэгч эмэгтэйчүүд цөөнгүй байна” хэмээн ЛЭОС-гийн Увс аймаг дахь салбарын тэргүүн М.Оюунцэцэг ярилаа.

Б.Батхүү

Холбоотой мэдээ