Эмч нарын баг сумдад ажиллаж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-13 13:57:53

Завханы Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг алслагдсан сумдын иргэдэд хавдрын эрт илрүүлэг, БЗДХ-ын үзлэг оношилгоог үзүүлж байна.

Эмч нарын баг алслагдсан сумууд болох Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Нөмрөг гэх мэт 10 суманд ажиллаж иргэд, залуучуудад дээрх өвчнөөр өвдсөн тохиолдолд хэрхэн эмчлүүлэх, эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, эмчилгээг газар дээр нь үзүүлэх юм.

Завхан аймаг нь 2014 оноос эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа бөгөөд эх хүүхэд эсэн мэнд амаржихад бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдлэг зайлшгүй чухал болоод буй юм. Иймд явуулын эмнэлгийн үйлчилгээгээр БЗДХ-ын үзлэг шинжилгээг газар дээр нь чанар хүртээмжтэй зохион байгуулах зайлшгүй шаардлагатай. Мөн 2005 онд 95 хүн хорт хавдрын хяналтад хамрагдаж байсан бол 2016 онд 518 хүн хорт хавдрын хяналтад хамрагджээ. 2016 онд  шинээр бүртгэгдсэн хорт хавдартай 25 хүн  хоёрдугаар шатандаа оношлогдсон байгаа нь элэгний  хорт хавдрын эрт илрүүлгийн  үзлэгийг хүртээмжтэй, чанартай зохион байгуулах зайлшгүй шаардлага мөн тулгараад байгааг мэргэжлийн эмч мэдээллээ.

Тиймээс хавдрыг эрт илрүүлэх нь хавдартай өвчтөний амьдрах насыг уртасгах мөн эдийн засгийн зардлыг багасгах чухал ач холбогдолтой. Мөн БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх иргэдэд зөв мэдээлэл өгөх үзлэг оношилгоонд хамруулах нь олон эрсдэлээс хамгаалах давуу талтай хэмээн эмч нар үзэж буй юм. Цаашид энэ мэтчилэн үзлэг оношилгоог аймгийнхаа 24 сумыг бүсчлэн үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ