Төслийн зөвлөлдөх уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-13 12:19:15

Норвегийн тусламжийн байгууллага Эрүүл мэндийн яам болон  Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн  ЗДТГ,  Эрүүл мэндийн газруудтай  “Харилцан ойлголцлын санамж  бичиг” байгуулж  Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг  бэхжүүлэх  төслийг  2008 оноос  амжилттай хэрэгжүүлж  эхэлсэн билээ. 

Уг  төсөл нь хоёрдугаар шатандаа  орж  Эрүүл мэндийн анхан шатны  тусламж  үйлчилгээний чанар  хүртээмжийг  дээшлүүлж,  эмч мэргэжилтнийг  чадавхжуулах  олон  удаагийн  сургалт семинарыг  явуулж  ирсэн.

Тэгвэл  энэ оны  12 дугаар сарын 12-ны өдөр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2” төслийн  2013-2016 онд  зохион байгуулсан  үйл ажиллагааны  үр дүнг хэлэлцэх, хамтрагчдад  тайлагнах, харилцан  суралцах, цаашдын  хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг  бэхжүүлэх  зорилготой  төслийн  жилийн зөвлөлдөх  уулзалтыг  Ховд  аймгийн  ЗДТГ-ын Иргэний танхимд  зохион байгууллаа.

Төслийн зөвлөлдөх  уулзалтад  БСУГ,  ЭМГ-ын мэргэжилтнүүд, 17 сумын Засаг дарга, эмнэлгийн мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн эмч нарын төлөөлөл,  ЭМАШТҮБ-2  төслийн  Удирдах  зөвлөлийн  дарга, гишүүн, НЛМ байгууллагын  удирдлага,  Суурин төлөөлөгч, ХЭХ-2  төслийн удирдагч  төлөөлөл, Төслийн  багийн  ажилтан  гээд  нийт  48 хүн  оролцсон юм. 

Зөвлөлдөх  уулзалтын  үеэр  ЭМАШТҮБ-2  Төслийн  хүрээнд  зохион байгуулсан  үйл ажиллагаануудын  үр дүнг  хэлэлцэж  бодит  өөрчлөлт, сайн  туршлагийг  хуваалцсан бөгөөд  “Амны хөндийн эрүүл мэнд” судалгааны  үр дүнг  танилцууллаа.  Түүнчлэн аймгийн  Засаг  дарга Д.Галсандондогийн мөрийн хөтөлбөр, үндсэн  чиглэлд  тусгасан  Эрүүл мэндийн  зорилт,  түүнийг  хэрэгжүүлэх арга  замыг  хэлэлцсэн юм. 

Мөн 12 дугаар сарын 13-ны өдөр  Эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах  зорилготой “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад  эрүүл мэндийн салбар зөвлөлийн үүрэг, хамтын ажиллагаа”  сэдэвт  аймгийн зөвлөгөөнийг  ЭМАШТҮБ-2 төслийн баг  болон  аймгийн  ЗДТГ, ЭМГ-ууд  хамтран зохион байгуулж  байна.

Тус зөвлөгөөнд  аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ш.Батсүх болон  ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын Эрүүл мэнд хариуцсан түшмэл, НТБ-ын суурин төлөөлөгч, ЭМАШТҮБ-2  төсөл, ЭМГ-ын мэргэжилтнүүд, БОЭТ-ийн удирдлага, 17 сумын ЗД, ЭМТ-ын дарга, ӨЭМТ-ын дарга гээд нийт  75 хүн оролцлоо.  

Зөвлөгөөны үеэр Эрүүл мэндийн салбар зөвлөлийн  үүрэг, ажиллах журмыг танилцуулсан ба Эмнэлгийн тусламж  үйлчилгээнд  салбар дундын хамтын ажиллагааны нөлөөлөл, үр дүн, дэвшилттэй  тал,  Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, чиг  хандлага,  тогтвортой  байдлыг бүрдүүлэх  талаар  зөвлөмж  гаргасан юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ