Монголын шилдэг сайтаар "WWW.MONTSAME.MN" шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-12-10 15:24:29

Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агeнтлагийн www.montsame.mn сайт "2016 оны Монголын шилдэг сайт"-аар шалгарлаа.

 Монголын сэтгүүл зүйн ууган, төв, мэргэжлийн байгууллага болох МСНЭ-ээс жил бүр Монголын сэтгүүлзүйн салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. МСНЭ-ээс “Монголын сэтгүүлзүйн салбарын 2016 оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслол”-ыг өчигдөр “Элит” төвд зохион байгуулах үеэр манай хамт олон  дээрх шагналыг гардаж авсан юм.

МОНЦАМЭ агентлаг цахим хуудсаараа дэлхийн таван орны хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг монголын цорын ганц олон хэл дээрх сайт юм.

"Өдөр тутамд цаг үеийн сэдэвтэй мэдээллээс гадна дэлхий дахины болоод орон нутгийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй уншигчдад хүргэж буй нь www.montsame.mn цахим хуудсын бусдаас ялгарах гол онцлог байлаа" хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид онцолсон.

УИХ-ын гишүүн, УИХ дахь байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "2016 оны Монголын шилдэг сайт" өргөмжлөлийг гардуулахдаа “Орчин цагт мэдээлэл гэрлийн хурдаар түгж байна. МОНЦАМЭ агентлаг Монголын мэдээллийг дэлхий дахинд гэрлийн хурдаар дамжуулдаг гол байгууллага, тиймээс энэ шагналыг хүртэлгүй яах вэ,  шагнал эзнээ олжээ” хэмээн онцолсон.

МОНЦАМЭ агентлаг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага ОАНА-ын гишүүний хувьд гишүүн агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцож, Монгол Улсад болж буй үйл явдлын тухай мэдээ мэдээллийг өдөр тутам ОАНА-ын мэдээллийн нэгдсэн сан /www.oananews.org/-д нийлүүлж байна.

Мөн ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латин, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын Мер, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг 20 гаруй мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр агентлагтай өдөр тутам мэдээ, мэдээлэл  солилцон, улс орноо гадаадад таниулан сурталчилж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн салбар дахь 2016 оны шилдгүүдийг шалгаруулах номинацид Улаанбаатар хот, 13 аймгийн нийт 47 хэвлэл мэдээллийн байгууллага өрсөлджээ.  Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг сэтгүүлчээр “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Бэгзээгийн Болормаа шалгарсан бол шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Өдрийн сонин” тодров.

 Б.Заяа

Холбоотой мэдээ