"Химийн хортой болон аюултай бодисыг хулгайн замаар 30-40 тонноор нь оруулж ирж байна"
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төслийг тусгасан бөгөөд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооы эрхлэх асуудлын чиглэлээр анхдагч хуулийн төсөл 14, шинэчилсэн найруулгын төсөл 7, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 1 байгаа аж. Танилцуулгын дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн А.Сүхбат "Хэлэлцэж буй үндсэн чиглэлийн төсөлд Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн төсөл багтаж байгаа. Хуульд химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, худалдах ашиглахад тагнуулын байгууллагын хяналт, оролцоог нэмэгдүүлэх, химийн хорт болон аюултай бодисын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгасан. Тагнуулын байгууллагын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ" гэж асуухад ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан "Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталж химийн болон хорт бодисын ангиллыг олон улсын жишигт нийцүүлсэн. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Тагнуулын байгууллагын санаачилгаар Засгийн газраас боловсруулж байгаа. Химийн хортой болон аюултай бодисын үр дагавар их учир эдгээрийг экспортлох, импортлох, худалдах, ашиглахад тагнуулын байгууллага оролцохоос өөр аргагүй гэж Засгийн газар үзэж буй юм байна. Энэ төрлийн бодисыг хулгайн замаар 30-40 тонноор ч оруулж ирэх явдал гарч буй учир үүнд дан ганц Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих боломжгүй гэж үзсэн" гэж хариулав.
Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Н.Туяа