Стратегийн томоохон төслүүдэд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр оролцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЭрчим хүчний сайд П.Ганхүү салбарынхаа бизнес эрхлэгчидтэй уулзаж, эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 гаруй аж ахуйн нэгж, компанийн удирдлага оролцлоо.
Эдийн засаг хүндэрч, хувийн хэвшлүүдийн чадавх суларсан энэ үед салбарын яамнаас бодлогоор хэрхэн дэмжиж ажиллах, мөн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр сонгож оролцуулах боломжийн тухай түлхүү хөндсөн юм.
Эрчим хүчний салбарт өнөөдөр 820 гаруй аж ахуйн нэгж, компани тусгай зөвшөөрөл эзэмшиж, бизнес эрхэлж байна. Тогооноосоо хальсан замбараагүй энэ тоог цэгцэлж, тодорхой шалгуур тавих цаг нь болсныг захирал, удирдлагууд хэллээ.
Тухайлбал “Хасу мегаватт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш “Эрчим хүчний салбарт мөрдлөг болгодог норм, норматив өнөөдрийг хүртэл тойм муутай, тодорхой зүйлсийг багтааж чадаагүй. Үүнд онцгой анхаарахыг хүсье. Төр өөрөө бизнес эрхлэгчидтэй өрсөж, ажлыг нь булаах болсон нь ТЭЦ-үүд дотроо мини үйлдвэр байгуулж байгаагаас харж болно. Энэ мэт хувийн хэвшлээ боомилсон, хөлийг нь тушсан бодлого их байна” гэсэн бол “MCS интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү “Юун түрүүнд компаниудын оролцоо нэгдүгээрт байна гэсэн бодлогыг яам барих ёстой. Өөрөөр хэлбэл аливаа төсөлд оролцох монгол компаниудын оролцооны хувийг тодорхой гаргаж, гаднын компаниуд түншлэлийн хэлбэрээр ажиллана гэдэг хувилбар байж болох юм" гэлээ. Уулзалтын үр дүнд хувийн хэвшлийнхний саналыг нэгтгэн, яамны бодлого, үйл ажиллагаанд тусгахаар боллоо.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол Улсын Засгийн газраас 2017 онд эрчим хүчний салбарт тодорхой бодлого хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын их ажлууд өрнүүлэхээр төлөвлөөд байна. Стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг хөдөлгөж, үүнд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр оролцуулна гэсэн чиг барьж байгаа. Энэ хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн санал бодлыг сонсож, цаашид хамтран ажиллах үүднээс энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Ачааны хүндийг үүрч 20 жил явсан та бүхний чадвар, туршлагаар улсдаа хөрөнгө оруулах цаг нь болсон” гэв.
Н.Туяа