Өвөрхангайд аялал жуулчлалыг 4 бүсэд хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-06 15:09:18

Өвөрхангай аймаг нь эдийн засгийнхаа чадамжийг дээшлүүлэхийн тулд газар нутгийн онцлог, дэд бүтцийн харьцангуй давуу талаа түшиглэн аялал жуулчлалын салбарыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлого баримталж, хөтөлбөрүүдэд тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

Тухайлбал Өвөрхангай аймагт аялал жуулчлалын 4 бүсийг бий болгон хөгжүүлж байна. Үүнд Орхоны хөндийн аялал жуулчлалын маршрут буюу Элсэн тасархай, Их, Бага Монгол уул, Ширээт цагаан нуур, Монгол орны төв хүйс, Хархорин, Эрдэнэзуу, Шанхын хийд, Үүртийн тохой, Төвхөн хийд, Улаанцутгалант гэсэн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж түүх, шашин мөргөлийн мэдлэгээ нэмэгдүүлж болно.

Мөн Тусгай сонирхолын аяллын маршрут буюу Хүйсийн найман нуур, Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуураар морь болон явганаар аялж болох юм.

Говийн болон баруун бүсийн сумдын аяллын маршрутад Арвайхээр, Мазар хотын туурь, Өөш Шахлага, Арц богдын нуруу, Зүүн богд уул, Эмч элс, Таацын цагаан нуур, Өшгөгийн их залаа, Өнц шилүүстэй, Шаргын тасархай, Шаамын рашаан, Хубилай хааны цэргийн хотын үлдэгдэл багтах бөгөөд байгаль, түүх соёл, палеонтлогийн үзэсгэлэнт газрууд ихтэй.

Өндөр гэгээн Занабазарын түүхэн замналаар аялах маршрутад Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Элсэн тасархай, Их, Бага Монгол уул, Ширээт цагаан нуур, Монгол нутгийн хүйс цэг, Өндөр гэгээний Өвгөн суварга, Сэрүүн булаг, Сангийн далай нуур, Арвайхээр, Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Бат-Өлзий сум, Улаанцутгалан, Төвхөн хийд, Баруун хүрээ,  Эрдэнэзуу хийд, Хөгнө тарнийн хийд зэрэг орно.

Түүнчлэн Эсгий урлалын баярыг жил бүрийн 7 сарын 22-нд Хужирт сумын Тээлийн хөндий гэх газар, Сарлагийн наадмыг 7 сарын 23-нд Бат-Өлзий сумын Өндөр хясаанд хийж, аялал жуулчлалын бүтээгдхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх зорилго тавиад байна.

 Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ