Европын Холбоо Турк руу 727 сая евро шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-06 11:03:00

АНКАРА. /Anadolu/. Европын Холбоо /ЕХ/ Сирийн дүрвэгсдэд зориулан 727 сая еврог Турк руу шилжүүлсэн гэж тус холбооны албаны хүн мэдэгдэв.

Одоогийн байдлаар Туркийн Эрүүл мэндийн яам болон Боловсролын яамны дансанд 727 сая еврог шилжүүлээд байна гэж ЕХ-ноос Туркт суугаа төлөөлөгчийн улс төрийн зөвлөх Винсент Гийом Поупэау мэдэгджээ.

2015 оны 11 дүгээр сарын 29-нд Турк болон ЕХ хамтарсан төлөвлөгөө баталж, үүний хүрээнд ЕХ-ноос Турк дэх Сирийн дүрвэгсдэд 3 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцсон билээ.

Харин 2016 оны гуравдугаар сарын 18-нд ЕХ, Турк хоёр дахин гэрээ байгуулсан байна. Уг гэрээ нь хүний наймаатай тэмцэх, Турк дэх гурван сая орчим сири дүрвэгсдийн нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авах замаар Эгийн тэнгисээр дамжин ирж буй дүрвэгсдийн урсгалыг зогсоох зорилготой юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ