Цаг хүндэрсэн үед эмнэлгийн тусламжийг саадгүй хүргэх боломж бүрдэж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-06 02:02:59

Завхан аймгийн Засаг даргын санаачлагаар “Эмнэлгийн ор” төсөл хэрэгжиж 24 сумын эмнэлгийн ор шинэчлэгдээд байна.  

Завханы хойд чиглэлийн долоон суманд өвөлжилт хүндэрч болзошгүй. Зарим сумдад зам хаагдах хэмжээнд хүрээд байгаа. Энэ үед малчин иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх асуудал нэн чухал байгаа юм. Тиймээс Завханы Эрүүл мэндийн газраас аймгийнхаа 24 сумын эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг хийх шаардлагатай байгааг аймгийн Засаг даргад уламжилжээ. Эхний ээлжинд эмнэлгүүдийн орыг зориулалтын ороор шинэчлэх “Эмнэлгийн ор” төслийг хэрэгжүүлж Франц улсын дэмжлэгээр 24 сумын эмнэлгийн орыг 100 хувь шинэчилжээ.

Завханы дөрвөн эмнэлэг алсын дуудлагын машинтай болно

Завханы Нэгдсэн эмнэлэг алсын дуудлагын пургон машинтай боллоо.

Завханы хойд чиглэлийн сумдад өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой түргэн тусламжийн машиныг шинэчлэх ажил эхлээд байна. Тодруулбал ЭМЯ болон ОБЕГ, Улсын онцгой комисст Завхан аймгаас хүсэлт хүргүүлснээр аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Их-Уул, Баянхайрхан, Эрдэнэхайрхан сумдад түргэн тусламжийн шинэ машин олгох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч Улсын нөөцөөс хөрөнгийг нь санхүүжүүлсэнээр Завхан аймгийн Их-Уул, аймгийн Нэгдсэн эмнэлэг хоёрт тус бүр нэг пургон маркийн автомашин ирүүлжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг алсын дуудлагын тав, ойрын дуудлагын дөрвөн автомашинтай. Гэвч таван машин нь ашиглахад тун хүнд байгаа учир олон дуудлага зэрэг ирсэн тохиолдолд ЭМГ-ын болон аймгийн ЗДТГ-ын машинаар алсын дуудлагынхаа түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг байжээ.

Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагын шинэ автомашинтай болсноор хөдөө орон нутгийн иргэдэд яаралтай тусламжийн үйлчилгээ дээшлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн алсын дуудлаганд явж байгаа эмч, сувилагч, жолоочийн амь нас, аюулгүй байдлыг хангахад томоохон хөрөнгө оруулалт болжээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ