Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-02 18:25:31

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн зорилтод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулъя” хэлэлцүүлэг, хэвлэлийн бага хурал өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо.

Хуралд салбарын яам, холбогдох холбоо, ТББ-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахын төлөө өөр өөрийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажил, зорилго зорилтоо танилцуулав.

Эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн эмнэлгийн орчныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн хүртээмжтэй болгох, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүртээмжтэй хүргэх талаар цахим сургалт зохион байгуулж буйг хэллээ.

Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Д.Занабазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг барилга байгууламжид хангах стандарт нормын талаар онцолсон бол Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Ж.Сэрээтэр тээврийн хэрэгслүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэхэд илүү хялбар болгох тоноглол суурилуулах ажлын талаар мэдээлэл өгөв.

Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байгаагийн 650 сая хүн нь Азид амьдарч байна. Монгол улсад 2015 оны Үндэсний статистикийн хорооны тоогоор нийт 101.730 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 34 хувь, олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд 64 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийн хувьд авч үзэхэд хамгийн өндөр илүү их тохиолдож буй бэрхшээл нь бусад 31 хувь, хөдөлгөөний бэрхшээл 19 хувь, сэтгэцийн бэрхшээл 17 хувийг эзэлдэг байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ