С.Бямбацогт: Хилийн тухай хуулийг мушгиж байгаа нь тун харамсалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-12-02 17:03:09

Хөгжлийн банкнаас МАН-ын гишүүд их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл болон Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос тодруулга авлаа.

-Хөгжлийн банкны шалгалттай холбоотойгоор өөрийг тань мөн зээл авсан, завшсан гэх мэдээлэл багагүй гараад байна. Энэ талаар тайлбар өгөөч?

-Хөгжлийн банкнаас миний бие болон, миний гэр бүлийн гишүүд, миний хувь эзэмшдэг компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. С.Бямбацогт Хөгжлийн банкнаас зээл авсан гэх яриа 2015 оноос яригдаж эхэлсэн. Яг энэ үед би Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурын газар, Хөгжлийн банкинд албан ёсоор хандаж надтай холбоотой зээлийн асуудал, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл байна уу гэдгээ өөрийн хүсэлтээр шалгуулсан. Хөгжлийн банкнаас “С.Бямбацогт болон холбоотой компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй” гэдгийг албан бичгээр мэдэгдсэн. Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас “С.Бямбацогт хууль зөрчөөгүй нь тогтоогдсон тул хэрэг үүсгэхгүй” гэсэн шалгалтын хариуг албан ёсоор өгсөн. 

-Нэр холбогдсон хүмүүс бүгд л "зээл аваагүй" гэж байгаа. Гэхдээ журмынх нь дагуу зээл авч, бүтээн байгуулалт бизнес эрхлэгчид хохирч байна гэсэн шүүмжлэл бас гарч байна?

-Бизнес эрхлэгчид хоосон улстөржилтөд өртөөд байгаа нь харамсалтай. Оффшортой холбоотой асуудал дээр ч тэр. Бизнесийн байгууллагууд оффшор бүсэд данс эзэмшиж болно. Харин улс төрийн албан тушаалтан, улстөрчид болохгүй гэж хориглож байгаа. Үүнтэй адил Хөгжлийн банк зэрэг банкуудаас бизнес эрхлэгчид зээл аваад бизнесээ өргөжүүлэн, иргэдийг ажлын байраар хангаж, баялаг бүтээж улсын төсөв орлого оруулж байх нь Монгол Улсад хэрэгтэй. Хууль зөрчсөн, хулгай хийсэн бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр зээл авсан нь буруутан болж өөрөөр хэлбэл зээл авсан 2000 аж ахуй нэгжийг буруутгах шаардлагагүй.

-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгалт хийж дүгнэлт гаргасан. Хэзээ байнгын хороогоор хэлэлцүүлэх вэ?

-Ажлын хэсгээс шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулж, Засгийн газраас тэмдэглэлээр шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрт Хөгжлийн банктай холбоотой 1.3 их наяд төгрөгийн асуудлыг Авлигатай тэмцэх газар болоод хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гээд холбогдох материалыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн яамдуудтай холбоотой хэрэгжсэн Гудамж төсөл зэрэг хуулийн төсөл цөөнгүй бий. Эдгээр төслийн төсөвт өртөг зөв байсан эсэхийг мөн шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл 2012 онд 1 километр замыг 500 сая төгрөгөөр барьдаг байсан бол Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан замууд 1-2 тэрбум төгрөг байна гэсэн асуудал байгаа юм. Энэ мэтээр төсөвт өртөг нь зах зээлийн дагуу байна уу аль эсвэл хуйвалдаж хууль зөрчиж хулгай хийсэн үү гэдгийг холбогдох газрууд нь хянаж шалгаж байна.

-УИХ-д хэзээ шалгалтын дүнг танилцуулах вэ?

-Олон нийтийн анхаарлыг татсан, улстөр дагуулсан томоохон асуудал тул Засгийн газрын түвшинд ярих биш УИХ-д танилцуулах үүрэг өгсний дагуу энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд УИХ дээр танилцуулах гэж байна. Шалгалтын дүнг хамтарсан байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн мягмар гаригт хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлгээс завсарлага авсны улмаас хугацаа нь хойшлогдоод байна.

-Олон нийтийн анхаарлыг мөн татаад байгаа асуудал бол Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болоод байна. Хилийн зурвас орчмын уул уурхайн орд газруудыг ашиглах зорилгоор хуульд өөрчлөлт оруулж байна гэх мэдээлэл гараад байна. Жишээлбэл, Говь-Алтай аймгийн Талын мэлтсийн орд байна.

-Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуульд хилийн бүс 100 километр, хилийн зурвас 15 километр байгаа. 1993 онд баталсан Хилийн тухай хуульд 23 жилийн дараа шинэчилсэн найруулга хийх гэж байна. Энэ хуульд хил орчмын нутаг дэвсгэрт 100 километрээр хязгаарлагдахгүй хил орчмын 14 аймгийн 70 орчим сумыг хил орчмын нутаг дэвсгэр гэж тодорхойлж өгч байгаа. Энэхүү нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хуулиар зохицуулна. Гэхдээ хилийн зурвас нь 15 километр гэдгээрээ хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл энэхүү газарт үйл ажиллагаа явуулахдаа хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг хэвээр байгаа шүү дээ. Хуучин ч тийм байсан одоо ч өөрчлөлт орохгүй.

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Талын мэлтсийн орд газар бол Засгийн газрын эрх мэдлээс давсан, Засгийн газар мэдэж шийддэг асуудал биш. Учир нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах, хил хязгаарыг өөрчлөх асуудлыг зөвхөн УИХ шийддэг. Талын мэлтсийн орд газрыг Засгийн газар биш УИХ мэднэ гэсэн үг. Засгийн газрын эрх мэдэл ч хүрэхгүй. Гэтэл Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулж хил орчмын нутаг дэвсгэр ашигт малтмал олборлох гээд байна гэх мэтээр мушгих, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг бодлогын бичиг баримтуудад Хил хамгаалах байгууллага гэдэг нэр томъёогоороо явж байгаа зүйлийг “Хилийн цагдаа болгох гэнэ” гэх мэтээр мушгиж байгаа нь тун харамсалтай юм.

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ