Хүн амьдралынхаа нийт хугацааны 70-аас дээш хувийг ажил мэргэжилдээ зарцуулдаг

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-02 01:38:33

Завханы шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа төрийн албан хаагч нар зорилготой тууштай ажиллаж амьдрахад суралцав.

Хүн амьдралынхаа нийт хугацааны 70-аас дээш хувийг ажил мэргэжилтэйгээ холбоотой зүйлд зарцуулдаг байна. Түүнчлэн аливаа өвчлөлийн 80-аас дээш хувь нь сэтгэл санаа буюу стресстэй холбоотой байдгийг олон улсын эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Мөн ажлын байрны стрессийн 80 хувь нь харилцаанаас шалтгаалдаг байна. Тиймээс аливаа байгууллагын албан хаагчид удирдах ажилтнууд ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, аз жаргалтай амьдралыг цогцлоохын тулд ажил, амьдралдаа хэрхэн хандах, ямар зарчим баримтлах талаарх сонирхолтой лекцийг Завханы төрийн албаныхан сонслоо. Энэхүү сонирхолтой лекцийг аймгийн ЗДТГ-ын урилгаар Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл судлаач М.Алтанцэцэг багаараа ирж сонсгожээ. Энэхүү лекц  “Утга учиртай, зорилготой, аз жаргалтай амьдрал”,  “Төрийн албан хаагчийн ёс зүй, имиж бүрдүүлэлт, багийн ажиллагаа, харилцаа хандлага”, “Алсын хараатай зорилго, утга учиртай он жилүүд”, “Багийн хөгжил, багаар хамтран ажиллах соёл”, “Харилцаагаар амжилтыг урлахуй”, “Сайн удирдагч байх хандлага, манлайлах ур чадвар” гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгчээ.

Сонирхолтой лекц хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Завханы 120 орчим төрийн албан хаагч шийдвэр гаргагч нар оролцжээ.  Төрийн албан хаагчид ёс зүй, харилцааны соёлтой, иргэдэд чирэгдэлгүй үйлчилдэг, гэр бүл, хувь хүнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг байх. Эцэст нь сэтгэл хангалуун ажлаа хийж, ажлын бүтээмж өндөртэй байх, шинээр бүрэлдэж байгаа хамт олныг эвсэг, бүтээлч, бие биенээ ойлгон хүндэтгэдэг хамт олон болоход нь хэрэгтэй мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж буйгаа аймгийн удирдлагууд онцлов.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ