Хороод мөрийн хөтөлбөрийн асуудлаар хуралдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-30 12:48:55

Увс аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит гуравдугаар хуралдаан маргааш буюу 12-р сарын 1-нд болох гэж байна.

Үүнтэй холбогдуулан хурлын хороод энэ сарын 29-ээс эхлэн хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар Аймгийн ИТХ-ын 2016 оны тайлан, Аймгийн 2016 оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлт, Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Мөн Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн төсөл, Аймгийн 2017 оны нийгэм, эдийн засгийн зорилт, Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, “Гулзат” орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх тухай илтгэлүүдийг тус тус хэлэлцэн батлах гэж байна.

Увс аймгийн ирэх дөрвөн жилийн бодлогыг тодорхойлох асуудлуудыг хэлэлцэх энэхүү хуралдаанд асуудал оруулагчид бөгөөд хурлын төлөөлөгчид нухацтай хандаж, иргэдийн аж амьдралд бодитой хувь нэмэр оруулахуйц, хөрсөн дээрээ буусан сайн хөтөлбөрүүдийг батлан гаргах шаардлагатай байна.

Увс аймгийн ИТХ нь дотроо таван хороотой бөгөөд 41 төлөөлөгч эдгээр хороодод мэргэжил, сонирхлынхоо дагуу хуваарилагдаж оржээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ