Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-30 12:40:27

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан өчигдөр аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ЦГ-ын дарга, хурандаа Ч.Лхагвадорж, Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа С.Соронзонболд, Төлөвлөл зохион байгуулалтын тасгийн дарга Н.Мишигдорж нар мэдээлэл хийсэн юм.

Тус Цагдаагийн газар нь энэ оны 11-р сарын байдлаар 161 орон тооноос 155 алба хаагчтайгаар хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн газрын барилга 2002 онд ашиглалтанд орсон бөгөөд энэ хугацаанд урсгал болон их засвар хийгдээгүй 14 жил болжээ. Барилгад их засвар хийлгэхээр ЦЕГ-т хүсэлтээ хүргүүлсэн, зарим сумдын цагдаагийн байрыг нэгдсэн халаалтанд холбуулсан, автомашины парк шинэчлэл хийлгэх хүсэлтээ холбогдох байгууллагуудад тавьсан гэдгээ цагдаагийн удирдлагууд энэ үеэр мэдээллээ. Тэрчлэн албан хаагчдын орон сууцыг ашиглалтанд оруулах, Цагдаагийн байгууллагын стандартад нийцсэн сургалтын төвийг байгуулах, туслах аж ахуйтай болох зэрэг цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм.

Аймгийн удирдлагууд сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий камерийн хяналтын төвөөр орж үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвд 75 камер 25 чиглэлд хяналт хийж, хөдөлгөөнт 5 камер байнга ажилладаг байна. Хяналтын камер суурилуулснаар гэмт хэргийн илрүүлэлт харьцангуй сайжирсан байна.

Байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэдтэй ёс зүйтэй харьцах, согтуугаар замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт авах арга хэмжээг чангатгах, гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулж ажиллах шаардлагатайг аймгийн Засаг дарга Д.Батсайхан сануулан хэллээ. Энэ үеэр албандаа амжилт гаргасан зарим албан хаагчдыг Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн тэмдэг, Аймгийн хүндэт тэмдэг, Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшууллаа.

Б.Батхүү

Холбоотой мэдээ