Багш нар аргазүйн туршлага солилцох онол практикийн бага хурал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-30 10:03:00

Ховд аймагт сургалт аргазүйн байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ойд зориулан аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар өчигдөр сургууль, цэцэрлэгийн дунд онол практикийн бага хурал зохион байгуулж нийт 55 багш оролцлоо.

Тус бага хурал Ховд аймгийн багш нарын шилдэг аргазүйн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх мэдлэг туршлагын түншлэл бүтээлч харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн нь чухал ач холбогдолтой боллоо.

Онол практикийн бага хуралд хүүхдийн хүмүүжил төлөвшил, хүүхэдтэй ажиллах арга барил, багшийн ур чадварын сэдвээр нийт 14 илтгэл хэлэлцүүллээ.

Илтгэлд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхдийн хөгжил төлөвшлийг оновчтой оношлох хөгжүүлэх талаар хэрэгжүүлсэн аргазүй, тэргүүний үйл ажиллагааг судлан үр дүнд хүрч буй талаар баримт нотолгоонд тулгуурлан бичих шаардлага тавьжээ.

Дээрх онол практикийн бага хуралд хэлэлцүүлсэн багш нарын илтгэлээс тус аймгийн Манхан сумын бүрэн дунд сургуулийн “Хүүхдийг оролцооны багаар дамжуулан хөгжүүлэх нь ” сэдэвт илтгэл эхний байрт шалгарч, Жаргалант сумын 7 дугаар сургуулийн “Хүүхдийн хөгжил бидний оролцоо” илтгэл, Прогресс сургуулийн “Эерэг хандлагаар хүүхдийг хөгжилд хөтлөх нь” илтгэл, Зэрэг сумын бүрэн дунд сургуулийн “Энгийн зэмсгээр дамжуулан бага насны хүүхдийг хөгжүүлэх” сэдэвт илтгэлүүд удаахь байруудыг эзэллээ. Харин цэцэрлэгүүдээс Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн “Хүүхдийн авианы дуудлагыг судалсан нь” илтгэл түрүүлж, бага насны хүүхдийн хэлж чаддаггүй үсэг, авиаг судалж, зөв хэлж сургахад багшийн оролцоог илэрхийлсэн илтгэл сонирхолтой боллоо.

Онол практикийн бага хуралд оролцож, илтгэлийн уралдаанд түрүүлсэн багш сургуулиудыг байр эзлүүлж, 50,0-100,0 мянган төгрөгийн урамшуулал,өргөмжлөл гардууллаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ