Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудыг дэмжих хэлтсээс “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгая” нэртэй дэвжээ тэмцээнийг энэ 28-ны өдөр зохион байгууллаа.
“Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн оролцоог ханган тэдний дуу хоолойг сонсох зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулсан байна. Тэмцээнд Ерөнхий боловсролын 6 сургуулийн ахлах ангийн 60 гаруй сурагчид оролцон мэдлэг, авьяас, чадвараараа өрсөлджээ.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36-р тушаалаар батлагдсан энэхүү тэмцээний тэргүүн байрын шагналыг Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит, Улсын тэргүүний 1-р сургуулийн “Teen guards” баг хүртэж, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн “Аз жаргалын эрэлд”, Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн “Funny eight” багууд удаах байрт шалгарчээ.
Харин тэмцээний тусгай байрын шагналыг Дулаанхаан тосгоны ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн “Delete all” баг хүртсэн байна.
Ч.Отгонцэцэг