Эдийн засгийг сэргээх хүрээнд бодлогын 60 арга хэмжээ авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ, бонд, зээлийн эх үүсвэрээрх орлогын мөчлөг дагасан, эмзэг бүтэцтэй болсон байгаагаас цаашид учирч болох эрсдэлийг даах хуримтлал байхгүй, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул, импортын хэрэглээг дэмжсэн эдийн засагтай, мөчлөг дагасан төсвийн тэлэлттэй, нийгмийн хавтгайрсан халамжтай, экспорт нь уул уурхайн салбараас 90 орчим хувийн хамааралтай болсон байна. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдаж, эдийн засгийн бодит өсөлт саараад байгаа юм. Иймд эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.
Хөтөлбөр нь нэгдүгээрт, макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, хоёрдугаарт, дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.
Өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг тогтоолыг баталлаа.
Б.Туул