Шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа гаргах үүрэг өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬОнцгой комиссын Ажлын хэсгийнхэн тус аймагт ажиллах үеэрээ сумдад онцгой байдлын ажлын хэсгийг гарган ажиллуулах, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагажуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг холбогдох яам, агентлаг руу явуулах зэрэг үүрэг өгчээ.
Дээрх үүрэг чиглэлийн дагуу энэ сарын 22-ноос эхлэн тус аймгийн ЗДТГ-ын Хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй хэд хэдэн Ажлын хэсэг Улаанбадрах, Хатанбулаг, Өргөн, Алтанширээ зэрэг цөөнгүй сумаар явж ажил өвөлжилтийн ажил байдалтай танилцаж зөвлөмж чиглэл өглөө.
Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн хүнс хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Н.Бямбацэцэгээс тодруулахад “ Би Өргөн суманд ажиллаад ирлээ. Өвөлжилтөд бэлтгэх Засгийн газарын албан даалгаврын дагуу өвсний нөөцийг тодорхой хэмжээнд бэлтгэжээ. Харин тэжээлийг хангалттай бэлтгээгүй байна. Мөн төв суурин газрын бэлтгэлийг хангаж нүүрс татан авах гэрээгээ байгуулж, нүүрсээ татан авсан байна. Бид шаардлагатай зөвлөмж чиглэлийг өгч ажиллалаа” гэв.
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын 20-нд Дорноговь аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгсөн юм.
Х.Эрдэнэбулган