Архидалттай тэмцэх хөтөлбөр үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-23 12:49:35

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-аас архидалттай тэмцэх төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд байгууллага, багийн иргэдийн дунд "Архи амьдралын дайсан" АСТ тэмцээнийг зохион байгуулжээ.

Тус сумынхан архигүй сум болох зорилт дэвшүүлэн ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд чамлахааргүй ахицтай байгаа гэнэ. Тэмцээнийг сумын ЗДТГ, сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСЗ, Бүрэн дунд сургуулиас хамтран зохион байгуулсан байна. Энэхүү "Архи амьдралын дайсан” тэмцээнд оролцогч багууд багуудын мэндчилгээ, жүжигчилсэн тоглолт, асуулт хариулт, буухиа тэмцээнүүдээр өрсөлдсөнөөс сумын Соёлын төвийн "Культура" баг тэргүүн байрт, Бүрэн дунд сургуулийн "Аз жаргал" баг удаах байрт, “Мөнхтолгой” 2-р багийн "Мөнхтолгой" баг гутгаар байрт тус тус шалгарч сумын ЭМТ-ийн "Саруул" баг тусгай байр эзэлжээ. Тэмцээний үеэр иргэдэд "Архины хор уршиг" видео сургалт явуулан хуулийн болон архины хор уршиг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгааны материал тараасан байна.

Энэ удаагийн АСТ тэмцээнийг архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй “Артойлбо”, “Алтанбэх”, “Хайрхан-Оргил Уул”, “Хөшөө чулуу” зэрэг ХХК-иудаас ивээн тэтгэн явуулжээ. Сумын ЗДТГ-аас авч хэрэгжүүлж байгаа энэхүү архидалттай тэмцэх ажлын үр дүнд сумын төвөөр сэлгүүцэн, дэмий архи  ууж хөлчүүрхдэг иргэдийн тоо эрс буурсан байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ