“Шонхорын гараа”-наас “Аваргын гараа”-нд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-22 16:42:19

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо үндэсний бөхөөр хичээллэдэг өсвөр үеийнхнийг дэмжих зорилгоор Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярын нэрэмжит Архангай аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо.

Уг барилдаанд 15 байгууллагын 130 гаруй бөх уран мэхийг уралдуулан хүч чадлаа сорьсноос 15 насны ангилалд спортын төрөлжсөн сургалттай сургуулийн сурагч Б.Шарадорж, 16 насныхаас мөн сургуулийн  бөх С.Мягмарсүрэн, 17 насны тамирчдаас Хайрхан сумын иргэн Г.Мөнхбаяр нар манлайлав.

Аймгийн өсвөр үеийн үндэсний бөхийн аваргыг шалгуулах тэмцээнийг 2005 оноос эхлэн 10 жил дараалан Эрдэнэт хотын “Сокол” компани “Шонхорын гараа” нэртэйгээр ивээн тэтгэж, Архангай аймгийн биеийн тамирын спортын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ оноос “Аваргын гараа” нэртэйгээр зохион байгуулах болжээ.

Өнөөгийн энэхүү тэмцээнд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба нар хүрэлцэн ирж, зочноор оролцсон явдалд хөвгүүд, охид төдийгүй тэдний эцэг эх, ойр дотны хүмүүс, үндэсний бөхийн хорхойтнууд ихэд талархаж байна.

Л.Булган

Холбоотой мэдээ