"Монгол-Орос-Хятадын хамтын ажиллагааны хэтийн төлөв" дугуй ширээний хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-22 11:40:20

Монгол Улсын Стратегийн судалгааны хүрээлэн, ОХУ-ын Стратегийн судалгааны хүрээлэн болон БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны академи хамтран 11 дүгээр сарын 14-ний өдөр “Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний хуралдааныг Москва хотноо зохион байгуулав.

Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын судалгааны төвийн дарга Г.Базарваань, оросын талын төлөөлөгчдийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Л.П.Решетников, хятадын талын төлөөлөгчдийг Орчин үеийн олон улсын харилцааны академийн дэд ерөнхийлөгч Фэн Чжунпин нар тэргүүлэн оролцож, гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар илтгэл тавьж, гурван талын болоод бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Тус арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн газрын дарга, зөвлөх Д.Баасанхүү, гуравдугаар нарийн бичгийн дарга Э.Мөнхбаяр нар урилгаар оролцов.

Монгол Улсын “Талын зам” санаачлага, ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоо болон БНХАУ-ын Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг уялдуулан гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь гурван улсын төдийгүй Евразийн бүс нутгийн эдийн засгийн интеграцийн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэв. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гурван улсын Шадар сайд нарын түвшний байнгын механизмыг байгуулах, төр, хувийн хэвшлийн төлөөлөгчдийн оролцоотой ажил хэргийн форумыг тогтмол зохион байгуулах, “Эдийн засгийн коридор” байгуулах ач холбогдлыг иргэд, нийгмийн байгууллагын дунд сурталчилах замаар гурван талын зөөлөн хүчний нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай талаар тэд санал нэгдэв.

 

Холбоотой мэдээ