Голландын DJ Сэм Фэлдт Б.Шижирбатад хамтран ажиллах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-21 16:28:39

"Авьяаслаг монголчууд-2016" шоуны шилдэг 8-д шалгарсан "Punk n rap" хамтлагийн гишүүн Б.Шижирбатын үзүүлбэрийг дэлхий даяар 16 сая орчим хүн үзэж сонирхжээ.

Тодруулбал, график анимешн, бүжиг хослуулснаараа онцлог, өвөрмөц түүний үзүүлбэрийн талаар 19 настай, Англи гаралтай Норвегийн алдарт DJ, продюссер Alan Walker өөрийн цахим хаягаараа дамжуулан "WOW, amazing show" хэмээн уулга алдан сэтгэгдлээ хуваалцсан байна.

Харин Нидерландын Бокстелоос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюссер Sammy Renders /Sam Feldt/ өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан хамтран ажиллах санал тавьж буйгаа илэрхийлэн, и-мэйл хаягаа үлдээжээ.

Сэм Фэлдтийн хувьд 2014 оноос хойш “House Deep” чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй. 2015 онд гаргасан "Show me love" дуу нь Голландын топ 40 дууны 21,UK сингл чартын 48, Бельги улсын чартад 15, Billboard Hot Dance чартад 13 байрт тус тус жагсчээ.

Мөн 2016 онд гаргасан "Summer On You togеther" дуу нь Голландын топ 40 дууны 4, 9-10 дугаар сард Голландын радиогаар хамгийн их цацагдсан дуугаар шалгарчээ. Улмаар Нидерландын “Платинум Авардс” шагнал хүртсэн бөгөөд "Billboard Chart"-ийн зүгээс Сэм Фэлдтийг "А modern house superstar" хэмээн тодорхойлсон байдаг. 

Дашрамд дурдахад, Б.Шижирбат 2012 оноос эхлэн хамтлагийнхаа ахлагчийн соло бүжгийн видеог хийж эхэлснээс хойш график анимешн, бүжиг хослуулж болох юм байна гэсэн санаа төржээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ