Г.Мөнхчулуун: 60 гаруй мянган тун урьдчилан сэргийлэх тарилга хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-21 16:12:37

Өмнөговь аймагт 63 жилийн дараа хонины цэцэг өвчин гараад байгаа юм. Тухайн өвчний тархалт болон тулгарч байгаа бэрхшээлийн талаар тус аймгийн ХХААГазрын Мал эмнэлгийн хэлтэсийн дарга Г.Мөнхчулуунтай ярилцлаа.

-Хонины цэцэг өвчиний тархалт өнөөгийн байдал ямар хэмжээнд байна вэ?

-Ханхонгор сумын Хондот багт гарсан голомт өнөөдрийн байдлаар тайван болсон байна. Харин Жаргалант багийн Хотгорын голд гурван өрхийн малд өвчин илэрч голомтын хүрээг тэллээ. Энэ бүс нутагт хоёр байнгын пост, хоёр хөдөлгөөнт эргүүл нэмлээ. Голомтод байгаа өвчтэй 32 малыг ялгаж тусгаарласан, сэжигтэй бүсийн бүх малд урьдчилан сэргийлэх тарилга хийгээд байгаа. Голомтод байгаа бүх хонинд тогтмол үзлэг хийж байна. 

-Урьдчилан сэргийлэх тарилгын хүрэлцээ хэр байна вэ?

-10 мянган тун урьдчилан сэргийлэх тарилга манай аймагт ирүүлснээс 9.8 мянгыг нь хэрэглэчихээд байгаа.  Одоогоор эхний ээлжинд Ханхонгор сумынхаа мэдрэмтгий малд 60 гаруй мянган тун урьдчилан сэргийлэх тарилга хэрэгтэй байгаа. Гэвч улсын хэмжээнд энэхүү өвчний урьдчилан сэргийлэх тарилга байхгүй болчихоод байна.

-Иргэд БНХАУ-аас хонины цэцэг өвчний урьдчилан сэргийлэх тарилга авч ирж байгаа талаар яриад байгаа. Үүнд та мэргэжлийн хүний хувьд тайлбар өгөх үү?

-Одоогоор манай улсад дотооддоо үйлдвэрлэсэн урьдчилан сэргийлэх тарилгыг хэрэглэж байна. Өөр ямарч улс орны урьдчилан сэргийлэх тарилга орж ирээгүй. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх тарилга худалдаж авах бол Монгол Улсад хэрэглэж болно гэж баталгаажсан эсэхийг нарийн нягтлаарай гэж сануулмаар байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ