Сирийн соёлын өв газарт учирсан хохирлыг үнэлэх бага хурал боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-21 10:07:33

ДАМАСК. /NHK/. Сирийн соёлын өв газруудад “Лалын улс” бүлэглэлийн босогчдын учруулсан хохирлыг үнэлсэн шинжээчид "нөхцөл байдал ноцтой болсныг" анхаарууллаа.

Японы Соёлын асуудал хариуцсан агентлаг зэрэг байгууллагуудын зохион байгуулсан бага хурал өчигдөр болжээ. Энэ үеэр шинжээчид судалгаагаа танилцуулсан байна.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн эртний Пальмира хотыг археологийн дурсгалт газруудад ихээхэн хэмжээний хохирол учруулжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард тус бүлэглэлийнхнийг Пальмира хотоос хөөн гаргасны дараа Варшавын их сургуулийн эрдэмтдийн баг тус хотод судалгаа хийснээ танилцуулсан байна. Соёлын өвийг нөхөн сэргээх мэргэжилтэн Бартош Марковский эрдэмтдийн багт нэгдэн ажиллажээ. Тэрбээр хэлэхдээ, Пальмира хотын музейн уран баримал, товгор зураг зэрэг эртний дурсгалууд бүгд сүйдсэн байна гэв. Мөн тэрбээр "нөхцөл байдал эмгэнэлтэй" байгааг дурдаад, гэхдээ зарим хэсгүүдийг засварлах боломжтой гэж мэдэгджээ.

Харин Токио хотын Соёлын өвийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Масаши Абэ хэлэхдээ, соёлын дурсгалт зүйлсийг хууль бусаар хил давуулсан байна гэлээ. “Лалын улс” бүлэглэлийн босогчид эртний эдлэлийг тонохын тулд оршин суугчдаас том оврын машин түрээсэлсэн байна. Улмаар тэд орлогынхоо эх үүсвэрийг бий болгохын тулд эртний эдлэлүүдийг худалдсан гэж тэрбээр мэдэгдэв.

Япон болон Сирийн шинжээчид Сирийн соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх арга замуудыг танилцуулсан байна. Гурван хэмжээст график дүрслэл үүсгэх замаар эвдрэн сүйдсэн сүмүүдийг сэргээн засварлах төслийг мөн танилцуулсан байна.

Харин зарим газруудад мина булсан учраас нэвтрэх боломжгүй балгаснуудын зургийг авахдаа нисдэг төхөөрөмж ашиглах ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ